
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр энэ сарын 28-ны өдөр Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 326 дугаар ангид ажиллалаа. Батлан хамгаалахын сайдыг Сонгино цэргийн хүрээний Хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авсны дараа ангийн танилцуулгыг сонсож, сүүлийн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн томоохон ажил, цэргийн сургалт бэлтгэл, штабын бэлтгэлжилт болон тулгамдаж буй асуудлыг сонсож, ангийн 2021-2030 он хүртэлх "Алсын хараа"-ны баримт бичигтэй танилцсан юм. Батлан хамгаалахын сайдыг дагалдаж, БХЯ-ны СБТГ-ын дарга, хурандаа С.Ганбямба, ТЗУГ-ын дарга, хурандаа Ч.Гандирваа, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар нар ажилласан юм.
Энэ үеэр цэргийн гэрээт болон хугацаат цэргийн алба хаагчдын цэргийн байраар зочилж, алба хаах хугацаандаа суралцаж буй англи, солонгос хэл, шатар, даам, гитарын дугуйлангийн явцтай танилцаж, дайчдын ар гэрийн төлөөлөлтэй цахимаар холбогдож, санал хүсэлтийг нь сонслоо.
Мөн Батлан хамгаалахын сайд ангийн бие бүрэлдэхүүнтэй Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний шинэчлэл, хийж хэрэгжүүлж буй ажлынхаа талаар мэдээлэл хүргэж, хугацаат цэргийн алба хаагчдын бэлтгэсэн урлагийн тоглолтыг үзэж сонирхлоо.




Ахмад Л.Түмэндэлгэр (Зэвсэгт хүчний 326 дугаар анги)