Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Ковид-19” цар тахлын эсрэг “Хамтдаа давъя” аянд хурандаа А.Болдбаатар захирагчтай Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бүрэлдэхүүн нэгдэж, нийгмийн хариуцлагын хүрээнд хэд хэдэн сайн үйлсийн аян өрнүүллээ. Тухайлбал, Зүүнбаян сум дундын нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, ажилчдад витаминжуулалт хийх зорилготой 1,200.000 төгрөгийн мөнгөн дэмжлэг, мөн тус байгууллагын 2 ажилтанд тус бүр хоёр тонн түлшний тусламж үзүүлэв.
Түүнчлэн тус ангиас гавьяаныхаа амралтад гарсан 13 ахмад дайчдын гэр бүлд нэг удаагийн хүнсний тусламж, Хилийн цэргийн 0168 дугаар ангид “Хамтдаа давъя” аяны хүрээнд витаминжуулалтыг дэмжих зорилгоор 300 мянган төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлсэн. Сайн үйлсийн аян үүгээр дуусахгүй Зүүнбаян тосгоны Засаг даргын ажлын албатай хамтран өрх толгойлсон олон хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур 10 өрхөд нэг удаагийн хүнсний багц олгох зэрэг цөөнгүй ажил, арга хэмжээг зохион байгуулсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийнханд Дорноговь аймгийн удирдлагууд талархал дэвшүүллээ.
Дэслэгч Ч.Бодьгэрэл (Зэвсэгт хүчний 336 дугаар анги)