
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас харьяа нэгтгэл, ангиудын захирагч, даргалах албан тушаалын ахлагч нартай цахим хурал хийлээ. Энэхүү хурлаар ахлагч нарын цэргийн алба сахилга, ёс суртахуун, сургалт бэлтгэл, нийгмийн хамгааллын өнөөгийн байдал болон “Ахлагчийн албыг хөгжүүлэх 2021" хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцсэн юм. Хуралд Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр оролцож, нэгтгэл, ангиудын ахлагчийн албаны өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналыг нь сонсож, ажлын бүтээмжээ дээшлүүлж, сахилга, зохион байгуулалтаа сайжруулахад чиглэсэн хэд хэдэн үүрэг, даалгавар өглөө. Мөн Хуурай замын цэргийн командлалын хэлтсийн дарга нар цахим хуралд оролцогчдын санал хүсэлтийг нь сонсож, өөрсдийн хариуцсан чиглэлээр харилцан ярилцсан юм. Хурлыг Хуурай замын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр удирдан явуулсан бөгөөд тэрээр “Ахлагчийн албыг хөгжүүлэх 2021" хөтөлбөрийн хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл хүргэж, нэгтгэл, ангиудын даргалах бүрэлдэхүүний ахлагч нарт ажлын чиглэл, зөвлөмж өглөө.