БНМАУ-ын баатар, ЗХУ-ын 4 удаагийн баатар, ЗХУ-ын Маршал Г.К Жуковын нэрэмжит Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн их буучид артиллерийн цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Баярын хүрээнд ангийн нийт бие бүрэлдэхүүнд “Артиллерийн цэргийн үүсэл, хөгжил, өнөөгийн байдал” сэдвээр яриа танилцуулга хийж, үргэлжлүүлэн ангийн байрлалд артиллерийн зэвсэглэл, багаж хэрэгслээр үзэсгэлэн дэлгэж, артиллерийн холимог баратейн нэгдсэн дадлагыг цагийн байдлын хүндрүүлсэн нөхцөлд, тактик жагсаалын хэлбэрээр зохион байгуулж, нийт бие бүрэлдэхүүнд артиллерийн батарейн байлдааны ажиллагааг үзүүлэн сонирхууллаа.
Үүний дараагаар байнгын бие бүрэлдэхүүний дунд халдвар хамгааллын дэглэмийг баримтлан “Далд харааны буудлага” гар бөмбөгийн тэмцээн, шинэ дайчдын дунд “Миний мэдэх артиллер” сэдэвт шүлэг, “Шатар”-ын тэмцээнүүдийг зохион байгуулсан юм.
Энэ үеэр артиллерийн мэргэжлийн ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэх, алдар гавьяа, туршлагыг сурталчлах ажлын хүрээнд 3 үеийн уулзалтыг зохион байгуулж, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран богино хэмжээний нэвтрүүлэг бэлтгэн иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэв.
Үүний зэрэгцээ ангийн захирагчийн 2021 оны Б/251 дугаар тушаалаар эрхэлсэн ажил албандаа амжилт гаргаж байгаа зарим бүрэлдэхүүнийг шагнаж урамшууллаа. Тухайлбал, Артиллерийн дивизионы захирагч, хошууч Б.Энхболд, артиллерийн дивизионы захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, ахмад Т.Лхагвабаатар, ажиллагааны офицер, ахмад А.Энхбат, артиллерийн дивизионы ахлагч, сургагч ахлагч Б.Булган, салааны ахлагч, ахлах ахлагч Ц.Мөнхбаатар, салааны ахлагч, ахлах ахлагч З.Энхбат, салааны ахлагч, ахлах ахлагч Г.Төрболд, шинэ дайчдаас сурагч Г.Оргилбаяр, Т.Баянмөнх, Х.Гантүшиг, Т.Тэмүүлэн, Ч.Хонгор, Ш.Эрдэнэдүүрэн нарт ангийн захирагч, хурандаа Н.Цэцэнхүү баярын мэндчилгээ дэвшүүлж, албанд нь өндөр амжилт хүссэн юм.
Ахмад Э.Мөнхбаясах (Зэвсэгт хүчний 327 дугаар анги)