• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЗЕНИТЧИД ШИНЭХЭН ДАЙЧДААР ХҮРЭЭГЭЭ ТЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-11-26 12:00:38
Үзсэн: 254

ЗЕНИТЧИД ШИНЭХЭН ДАЙЧДААР ХҮРЭЭГЭЭ ТЭЛЛЭЭ
Нийтэлсэн: 2021-11-26 12:00:38 Үзсэн: 254



    Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн шинэхэн дайчид мэргэжил олгох сургалтандаа амжилттай суралцан 11 дүгээр сарын 25-ны өдөр ангийнхаа аранзал улаан тугийн дор эх орондоо үнэнч байхаа батлан тангараглаж цэргийн тангаргаа өргөлөө. Мөн энэхүү өдөр Бүгд Найрамдах Улс тунхагласны 97 жилийн ойд зориулсан нэгдсэн тооллогын арга хэмжээг зохион байгууллаа. Цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын БСТГ-ын дарга, бригадын генерал Ц.Гандорж, ХЗЦК-ын Цэргийг агаарын довтолгооноос хамгаалахын дарга, хурандаа Б.Эрдэнэпил, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын цэргийн штабын дарга, хурандаа Ц.Бямбасүрэн, мөн тус ангийн захирагчаар ажиллаж байсан бэлтгэл хурандаа Ж.Дагдан, бэлтгэл хурандаа Д.Отгон-Ерөөлт, “Зенитийн холбоо” ТББ-ын тэргүүн, бэлтгэл хошууч М.Ягаан нар хүрэлцэн ирж, баяр хүргэлээ.

Ангийн захирагч, хурандаа Г.Отгонбаяр дайчдад хандаж хэлсэн үгэндээ “Өвөг дээдсийн үеэс эрэлхэг зориг, баатарлаг уламжлалтай Монгол Улсын Зэвсэгт хүчин шинэхэн дайчдаар эгнээгээ бэхжүүлж, үе үеийн зенитчин дайчид маань эх орноо батлан хамгаалах баатарлаг хөвгүүдээр жагсаалаа тэллээ. Монгол Улсын хуулинд зааснаар иргэний цэргийн үүргийнхээ дагуу цэргийн албанд татагдан ирснээр Зэвсэгт хүчин анги, байгууллагад тавигдаж буй зорилтыг шаардлагын түвшинд хангахуйцаар цэргийн хэргийн мэдлэгийн түвшингээ дээшлүүлж, цэргийн дүрэм, цэргийн албыг зохион байгуулах зааврын заалтуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон хэрэгжүүлж иржээ. Өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх эрхэм хариуцлагатай үүрэг оногдож байгааг ухамсарлан ойлгох нь зүйтэй. Бидний үйл ажиллагаанаас анги, байгууллага цаашдын хувь заяа шалтгаална гэдгийг мартаж болохгүй. Цэргийг агаарын довтолгооноос хамгаалах ариун жагсаалд орж, алтан шаргал нар, мөнх хөх тэнгэрийг сахин хамгаалах ашдын хүндтэй үүргийг хүлээхээр тангаргаа өргөсөн эрхэм зенитчин байлдагч Та бүхний цаашдын алба, амьдралд хамгийн сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе” гэсэн юм.

Тангараг өргөх арга хэмжээний үеэр тус ангид Сүхбаатар дүүргийн ЗДТГ, Цэргийн штабаас цар тахлаас урьдчилан сэргийлэх хувцас, багаж хэрэгслүүдийг гардуулан өглөө. Ёслолын арга хэмжээний дараа авьяаслаг хугацаат цэргийн алба хаагчид маань урлагийн тоглолтоо сонирхуулав. Энэхүү арга хэмжээнд тус ангиас “төрсөн” “Залуус хамтлаг” хүрэлцэн ирж, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн нь онцлог байлаа. Энэ удаагийн тангаргийн баярын үйл ажиллагааг цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан дайчдын ар гэрийн төлөөлөлд цахимаар шууд дамжуулан хүргэсэн бөгөөд хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхний сэтгэгдэл өндөр байлаа.

Ахмад Л.ТҮМЭНДЭЛГЭР (Зэвсэгт хүчний 326 дугаар анги)

 

 
Холбоотой мэдээ
ШТАБЫН НЭГДСЭН ДАДЛАГЫГ ЯВУУЛЛАА
Нийтэлсэн: 2026-02-05 12:04:05 Үзсэн: 120