Зэвсэгт хүчний 120 дугаар ангид 2021 оны ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчид Цэргийн тангараг өргөлөө. Ёслолын ажиллагаанд ЗХЖШ-ын I дүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба, ХЗЦК-ын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Өлзийбаяр, ЗХЖШ-ын Артиллерийн ахлах мэргэжилтэн, хурандаа Д.Мөнхсайхан, нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, тус дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Цэцэгбаяр, бэлтгэл хурандаа Б.Цагаан нарын зочид төлөөлөгчид оролцлоо.
Шинэ дайчдад хандаж ЗХЖШ-ын I дүгээр орлогч дарга, хурандаа С.Ганбямба хэлсэн үгэндээ “Эрхэм дайчид та бүхэндээ баяр хүргэе. Эх орны төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж, энэ сургуулийн жилд дэвшүүлсэн зорилго, зорилтоо бүрэн дүүрэн хэрэгжүүлж, хийсэн ажил, дуурсах алдартайгаар албаа хаана гэдэгт итгэлтэй байна. Цэргийн тангараг өргөнө гэдэг бол зүгээр нэг ёслол биш. Тангараг өргөсөн эр цэргийн зүрхэнд эх орон багтдаг. Учир нь цэргийн тангараг амины үнэтэй. Тангаргаасаа няцах эрх хэнд ч байхгүй. Эр цэргийн алба нь эх орноо батлан хамгаалах ариун дээд тангарагтай, эх оронч үзэл хүмүүжлийн алба төдийгүй эрдэм мэдлэгийн, эр хүний хийморь золбоо, жавхаа сүр, эр зориг, тэсвэр хатуужлын алба юм шүү” гээд амжилт хүссэн юм.
Арга хэмжээний төгсгөлд болсон хүчит 32 бөхийн барилдаанд байдагч Б.Тэгшжаргал түрүүлж, байлдагч Г.Бат-Очир үзүүрлэсэн бөгөөд хурандаа С.Ганбямба үргэлжлүүлэн ангийн үйл ажиллагаатай танилцаж, зарим тэргүүний офицер, ахлагч, ажилтан албан хаагчийг шагнаж урамшуулсан юм. Мөн энэ үеэр нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, тус дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Б.Цэцэгбаяр нар өөрийн дүүргээс хугацаат цэргийн албанд татагдсан дайчдадаа гарын бэлэг гардуулж, албаа нэр төртэй хаахыг захилаа.
Дэслэгч Б.Баттулга (Зэвсэгт хүчний 120 дугаар анги)