Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал болоод Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид АНУ-ын хөрөнгө оруулалтаар Англи хэлний сургалтын хоёр төв байгуулагдсан таатай мэдээг хүргэж байна. Сургалтын төвүүдийн нээлтийн ёслол энэ сарын 10-ны өдөр Хуурай замын цэргийн командлалд зохион байгуулагдаж, Монголын талаас ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал, Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар, ЗХЖШ-ын Гадаад хэлний сургалтын төвийн дарга, дэд хурандаа Ч.Тунгалаг, АНУ-ын талаас АНУ-ын Элчин сайдын яамны орлогч дарга Грегори Мэе, АНУ-ын ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Филип Луу нарын албаны хүмүүс оролцлоо.
Монгол Улс, АНУ-ын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаагийн дотор хоёр улсын Зэвсэгт хүчний ХЗЦК-уудын зөвлөлдөх уулзалт, хамтарсан сургалт дадлагууд томоохон байр суурь эзэлж байгаа бөгөөд АНУ-ын талаас ХЗЦК-д хоёр нэгж англи хэлний сургалтын төвийн тоног төхөөрөмжийг энэ оны 4 дүгээр сард хүлээлгэн өгснөөр илэрхийлэгдэж байна.
Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар нээлтийн ажиллагааны үеэр хэлэхдээ “Цэргийн алба хаагчийн үүргээ амжилттай гүйцэтгэх нэг үндэс нь зэвсэг техникийн бэлэн байдлаас гадна цэргийн сургалт юм. Энэ утгаараа энэхүү Англи хэлний сургалтын төв нь чухал үүрэгтэй. Бид иж бүрэн тоног төхөөрөмж бүхий сургалтын төвүүдийг Хуурай замын цэргийн командлал болон Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид байгуулж байгаа ба Хуурай замын цэргийн командлалаас материаллаг баазыг бүрдүүлэх, багш нарыг томилох, суралцах бүрэлдэхүүний судалгааг гаргах зэрэг зохион байгуулалтын ажлуудыг бүрэн гүйцэтгэж дуусгасан. Хоёр улсын Зэвсэгт хүчний хамтын ажиллагааны хүрээнд цаашид офицер, ахлагч нарыг АНУ-ын төрөл бүрийн шаталсан дамжаануудад хамруулах, хамтарсан дадлага сургуулийг явуулах, дэлхийн бусад улсын цэргийн алба хаагчидтай мөр зэрэгцэн энхийн үйлсэд үүрэг гүйцэтгэхэд НҮБ-ын үндсэн зургаан хэлийн нэг болох англи хэлийг мэргэжлийн түвшинд эзэмшихэд эдгээр сургалтын төвүүд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Алба хаагчдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх, сургаж бэлтгэх ажлыг хэрэгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлж ажилласан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагууд болоод АНУ-ын Элчин сайдын яамны бүрэлдэхүүн та бүхэнд Хуурай замын цэргийн нийт бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлье” гэсэн юм.
Ташрамд онцлоход, Англи хэлний сургалтын нэг төвд гэхэд 20 цэргийн алба хаагч суралцах боломжтой бөгөөд 2022 он гараад эхний 40 офицер, ахлагч суралцаж эхэлнэ. ХЗЦК-ын Англи хэлний сургалтын төвийн багшаар ахлах ахлагч Ч.Батболд, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид ахлах ахлагч Н.Дэлгэрхүү нар ажиллах ажээ.
Гэрэл зургийг О.МӨНХБАТ