Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны Улаан тугийн одонт, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл 2021 оны үйл ажиллагаагаа дүгнэж, тэргүүлэгчдээ тодрууллаа.
Нэгтгэлийн 2021 оны "Тэргүүний хамт олон"-оор хошууч А.Ганболд захирагчтай Мотобуудлагын батальон, “Тэргүүний офицер"-оор Соёл хүмүүжлийн албаны дарга, хошууч Д.Долгоржав, "Тэргүүний ахлагч"-аар ахлах ахлагч А.Цэрэнпүрэв, "Тэргүүний ажилтан албан хаагч"-аар тогооч У.Батцэцэг, "Тэргүүний тамирчин"-аар ахмад Б.Даваадорж нар шалгарч өргөмжлөл, дурсгалын тууз, мөнгөн шагналаар шагнагдлаа.
Мөн хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйг дэмжих зорилгоор нэгтгэлийн офицер, ахлагч, ажилтан албан хаагч бүрт нэг хугацаат цэргийн алба хаагчийг алба хаах хугацаанд нь хариуцуулан өгч шаардлагатай зүйлсээр дэмжлэг үзүүлж, ар гэрийнхэнтэй нь холбоонд оруулан дэмжин ажиллаж байна. Энэ жишгээр нэгтгэлийн бүрэлдэхүүн дайчдад шинэ жилийн гар бэлэг гардуулж өгч байгаа бөгөөд ингэснээр хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж, цаашид албандаа хандах хандлага, сэтгэл зүйн тогтвортой байдалд чухал нөлөө үзүүлдэг юм.
Хошууч Д.Долгоржав ( Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл)