Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэгт алба хааж буй нийт генерал, офицерууд аа!
Ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчид аа!
Гадаадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид аа!
Эх орныхоо төлөө эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмад дайчид аа!
Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбон ачааны хүндийг үүрч яваа нийт ажилтан албан хаагчид аа!
Та бүхэндээ орчин цагийн Зэвсэгт хүчний нэгэн зууны шинэ түүх эхэлсэн шинэ жилийн баярыг мэндийг Хуурай замын цэргийн нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс өргөн дэвшүүлж мэндчилье!
Улиран одож буй 2021 он улс орны батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, Зэвсэгт хүчний шинэчлэлийг эрчимжүүлэх, хуурай замын цэргийг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчноо төгөлдөржүүлэх, улс орныг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцох зэрэг олон ажлыг хийж гүйцэтгэсэн шаргуу хөдөлмөрийн жил байлаа.
Хуурай замын цэрэг нь өнгөрсөн хугацаанд цаг үеийн шаардлагаар дэвшигдэн гарч байгаа олон чухал зорилтуудыг хангахын зэрэгцээ, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчнийг төлөвшүүлэх, цэргийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх, Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэг гүйцэтгэх бэлэн байдал, чадавхыг нэмэгдүүлэхэд үндсэн үйл ажиллагаагаа чиглүүлэн ирлээ.Та бид хэдийгээр цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан амаргүй үед үйл ажиллагаагаа явуулж ирсэн хэдий ч төлөвлөгөөт олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлсэн билээ.
Тухайлбал, Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ-2021" байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг амжилттай зохион байгуулж, ОХУ-д зохион байгуулагдсан "Запад" олон улсын хээрийн сургуульд манай бүрэлдэхүүн анх удаа амжилттай оролцсон нь хоёр орны цэрэг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болсон билээ. Япон улсын Өөрийгөө хамгаалах хүчний хамтарсан "Зам" сургалт уламжлалт ёсоор үр, өгөөж дүүрэн явагдаж, АНУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран "Зэв" сургуулийг Хуурай замын цэргийн 8 нэгтгэл, ангиудад зохион явуулж, офицер, ахлагч нарын бүрэлдэхүүнийг гүйцэтгэх үүрэгт нь сурган дадлагажууллаа.
Өнгөрч буй жилд бид бүхэн олон тэмдэглэлт түүхт ойнуудыг тэмдэглэн өнгөрүүлсэн бөгөөд ЗХЖШ-аас зохион байгуулсан офицер, ахлагчийн түвшин тогтоох үзлэгт Хуурай замын цэргийн бүрэлдэхүүн амжилттай хамрагдлаа. Манай хамт олон Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрт идэвх санаачилгатай оролцохын сацуу Улаанбаатар хот орчмын ойн бүсийг түймрийн хамгаалалтын зурвасыг сэргээх, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд амжилттай оролцсон, Хөвсгөл далайд живсэн "Сүхбаатар" хөлөг онгоцыг татан гаргах ажлыг манай бүрэлдэхүүн амжилттай гүйцэтгэсэн бахархам үйл явдлуудаар 2021 оноо үдэж байна.
Эх орондоо тангараг өргөж, эр цэргийн албаа хааж байгаа эгэл жирийн байлдагчаас эхлээд Зэвсэгт хүчний ариун жагсаалд багтсан мөрдэс нэгт бүхий л алба хаагчдын маань хөлс хүч, хөдөлмөр зүтгэл энэхүү амжилтад шингэснийг хоёр оны зааг тохион буй энэ торгон мөчид онцлон дурдаж байна.
Ирж буй 2022 он та бидний амжилт бүхнээ бататгах, амжаагүй бүхнээ гүйцээх их үйлсийн талбар байж, Зэвсэгт хүчний түүхэнд тод үсгээр тэмдэглэгдэн үлдэх сайхан жил байна гэдэгт итгэл дүүрэн байна.
Та бүхэндээ шинэ жилийн баярын мэндийг дахин дэвшүүлж, ирж буй шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн, ажил үйлс нь өөдрөг байхын ерөөлийг өргөн дэвшүүлье!
Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ ХОШУУЧ ГЕНЕРАЛ Б.АМГАЛАНБААТАР