Эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагч, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа дипломат ажилтнууд, энхийг сахиулагч цэргийн алба хаагчид, эх орноо батлан хамгаалах үйлсэд залуу нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид Та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.
Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн хамтдаа бахдам амжилт, бахархам гавьяа, бүтээлч үйл ажиллагаагаар нэгэн оныг үдэж, ирэх шинэ онтойгоо учран золгож байгаа бөгөөд Та бүхний идэвх санаачилга, ирмүүн хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд Зэвсэгт хүчний ажил үйлс, амжилт ололт арвин байна.
Улиран одож байгаа 2021 он Батлан хамгаалах салбарын багц хуулиудын хэрэгжилтийг хангах, хууль, эрх зүйн болоод удирдлагын баримт бичгүүдийг боловсронгуй болгох, гадаад харилцаа, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын үйл ажиллагаанд шинжлэх ухаан, технологи, инновацыг нэвтрүүлэх, цэргийн сургалт бэлтгэлийн чанар, үр дүнг дээшлүүлэх, материал, техникийн хангалтыг сайжруулах, Зэвсэгт хүчний төрлийн цэргийн командлалууд, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын бие даасан үйл ажиллагааг хангах, энхийг дэмжих ажиллагааны чадавх, улс орны бүтээн байгуулалтад оролцох үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн олон талт үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлсэн бүтээлч ажлын жил байлаа.
Энэ онд бид бүхэн орчин цагийн Зэвсэгт хүчний түүхт ойгоо монгол хүмүүн бүрийн баяр болгон өргөн дэлгэр тэмдэглэсэн ба нэгэн зууны алдар гавьяа, амжилт ололт, алдаа оноогоо үнэлэн дүгнэж, цаашдын хөгжлийн чиг хандлагаа тодорхойлсон юм. Тэрчлэн “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-өөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртээсэн бөгөөд энэхүү монгол төрийн их хүндэтгэл, ард түмний бахархлыг төрүүлсэн төрийн дээд шагналыг хүртэхэд Зэвсэгт хүчний үе үеийн удирдлага, нийт бие бүрэлдэхүүний оруулсан бодит хувь нэмэр, нэгэн үзүүрт сэтгэл, хамтын хөдөлмөрийн үр дүн хамгаас үнэ цэнтэй байсныг баярын энэ өдөр бахархан тэмдэглэхэд таатай байна.
Цаашид Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн хуулиар хүлээсэн чиг үүргүүдийг нэр төртэйгөөр биелүүлж, бахархах түүх, бахдам ололтоо улам бүр бататгах болно. Тэрчлэн бид бүхэн айлчлан ирж буй 2022 онд монгол цэрэг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг зохион байгуулалтын өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд энэ үеэр нийт энхийг сахиулагчдынхаа гавьяа зүтгэл, амжилт ололт, туршлага, сургамжийг нэгтгэн дүгнэх, тэднийг алдаршуулан сурталчлах, эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын хурлыг өөрийн эх орондоо зохион байгуулах зэрэг томоохон ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Айлчлан ирж буй шинэ жилдээ Зэвсэгт хүчнийхээ өмнө тавигдаж буй цаг үеийн зорилго, зорилтуудыг бид бүхэн хамтын хүчээр амжилттай шийдвэрлэж, улам их амжилтад хүрнэ гэдэгтээ итгэл төгс байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ Та бүхнийхээ ажил үйлсэд арвин амжилт, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг бэлгэдэн ерөөе!
Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ ЖАНЖИН ШТАБЫН ДАРГА, ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ Д.ГАНЗОРИГ