Номин хөх тэнгэрээс хаялах цас газарт буухдаа “би ирлээ шүү” гэсэн шиг хацар чийглэж хайлна. Цав цагаахан өнгөөр бүхнийг алагчлалгүй будаж, байгаль дэлхий саарал хүрмээ өмсжээ. Алтан шаргал нар надаас зугтах, эсвэл наадан тоглож буй мэт үе үехэн үүлсийн цаагуур орж, цухуйна. Ийм нэгэн өглөө дуу хураагуур, гэрэл зургийн аппарат гээд сурвалжлагч хүнд байж болох бүхнээр өвч зэвсэглээд замд гарлаа.
Зорьсон газарт минь саадгүй хүргэж өгсөн жолоочийг ахлагч Э.Сосор гэнэ. Бид зам зуур элдвийг ярилцсан ч эх орон, Зэвсэгт хүчин, цэргийн алба гэсэн сэдэв рүү яаж ийгээд л хэлбийж орох нь олонтоо. Ахлагч Э.Сосор анхнаасаа цэргийн хүн болохыг нэг их хүсээгүй ч аавынхаа зөвлөснөөр Зэвсэгт хүчний ариун жагсаалд нэгджээ. Тэрээр аав Хилийн цэрэгт алба хааж байсан тул би багаасаа цэргийн амьдралтай ойр өссөн гээд үргэлжлүүлэн тогооч мэргэжилтэй болохыг хүсдэг байсан тухайгаа ярилаа. Ингэхдээ “Одоо бол хоббигоо болгосон. Гэхдээ хүн насан туршдаа суралцдаг гэдэг шүү дээ. Хожим тогооч болчихсон манаргаж явахыг үгүйсгэхгүй юм” хэмээв. Удалгүй зорьсон газартаа хүрч, ангийн гаднах зогсоолд түр саатахад ахлагч Э.Сосор өөрийн үүрэгт ажилдаа орохоор болж бид зүг салцгаав. Ангийн шалган нэвтрүүлэх байраар дамжин цааш нэвтрэх зөвшөөрөл авлаа.
Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын төлөө цаг ямагт зүтгэж, улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтад манлайлан оролцож, тод мөрөө үлдээсэн инженерийн цэргээр овоглосон Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид хүрэлцэн ирсэн нь энэ.
Ангид ороход урдхан хэсэг газар сүндэрлэх бяцхан мөсөн хотхон биднийг угтлаа. Хугацаат албаны дайчид энэхүү мөсөн хотхоныг өөрсдийн гараар бүтээсэн нь ямар ур дүйтэй, авьяаслаг залуус вэ гэсэн бодол төрүүлэв. Соёлын төвд хөгжим эгшиглэж, хүмүүсийн хөгжилдөн инээх сонстож байна. Тэр зүгт алхвал цал буурал өвгөн аав, цасан охинтойгоо зогсож харагдана. Хугацаат албаны дайчдын шинэ жилийн баяр дээр баяр нэмэхээр ирсэн нь энэ аж. Сүүлийн хоёр жил өвлийн өвгөнтэй таараагүй болохоор бидэнд ч бас гоёхон агаад сонин санагдсаныг нуух юун. “Ах нь өөрөө өвлийн өвгөн болоод л хөглөж явна. Ямартай ч орцгооё, хүүхдүүд хүлээгээд сүйд” гэсээр соёлын төв рүү хамт орцгоов. Өвлийн өвөө ингэж хэлэхэд түүнийг хэн байсныг ч нь танилаа. Цас мөсний орноос цан хүүргээ татуулсаар гээд л .... хэдийнээ бидэнд дасал болж, сэтгэлд дотно хоногшсон тэр үгсийг хэлээд бүх цэрэгтэй мэндэлж, гараараа даллахад цасан охин мишээсээр хүч нэмлээ.
Цал буурал өвөөгийн урт цагаан сахлын цаана хэн байгаа нь цэргүүдэд хэсэгтээ л оньсого мэт байж асуултын тэмдэг болж үлдэв. Төд удалгүй өвлийн өвөөгөө таньсан бололтой өөр хоорондоо ярилцах цэргүүдийн дунд ангийн захирагч хурандаа Г.Эрдэнэбаатар гэх нэр тодрох боллоо. “Хөөх тийм үү, ямар гоё юм бэ. Харин тийм байх аа, хоолойг нь сонсоход нэг л танил байсан юм” гэх дуу тэрүүхэн тэндээ хадна. Үнэхээр ч ангийн захирагч өөрөө өвлийн өвгөн болж, дайчдынхаа шинэ жилийн баярын нэгээхэн хэсэг болсон нь юугаар ч сольшгүй торгон мөч байв.
Цэргийн дарга нар дайчдаа өөрийнхөө хүү шигээ санан бодож, тэднийгээ хайрлаж, заримдаа "дунд" нь орчихсон хөөрч гүйдгийн нэг л жишээ л дээ.
Ингээд цэргүүдэд бэлэг тарааж, авьяастай байлдагч нар өөрсдийн бэлдсэн урлагийн тоглолтыг толилууллаа. Хөтлөгч “Залгуулаад нийтийн бүжигтэй” гэж хэлээд ая тавихад цэргүүдийн царайд бүр ч их инээд хөөр тодорсоор заалны голд цуглацгаав. Тойрог хэлбэр үүсгээд л бүжиж гарлаа. Үе үехэн тойргийн гол руу орж бүжиглэх цэргүүдийг бусад нь уухайлан дэмжиж, бие биеэсээ нэрэлхэлгүйгээр дэмжих нь тэдний баярыг бүр ч утга төгөлдөр болгосон юм. “Люмино” хамтлаг шиг л тултал “хэмнэл нэрсэн” гэхэд хилсдэхгүй. Дуулна бүжиглэнэ, шүлэг уншина, хөгжимдөнө гээд авьяасын охь уурхай болсон байлдагч нар энэ ангид алба хаадаг аж.
Бүжиг түр завсарлах үеэр дайчид ар гэрээсээ ирсэн баярын мэндчилгээг үзэж сонирхов. Энэ дунд цэргүүдийн найз охидоос ирсэн баярын мэндчилгээ цөөн хэд байлаа. Үзэх зуураа “аая ооё” гэхчлэн мэндчилгээнийхээ эздийг ичээнэ, зарим нь нөхөрсгөөр шоглоно гээд хүүхдийн цагаахан ааш цухалзах юм билээ дээ.
Сугалаа сугалах цаг болоход аз нь шовойсон аавын хөвгүүдийг тодруулж эхлэв. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр сүүлийн сугалааны эзнийг олох гэж цэргүүд суудлаасаа өндөлзөж, ам уралдацгаан нэр хэлцгээнэ. Нэр тодроогүй байхад заалны баруун жигүүрээс нэгэн байлдагч суудлаасаа цомцойж босоод зогсчхов. Өөртөө итгэлтэй байдлыг нь харахад азтан болсноо зарлаад ч байх шиг санагдав. Байлдагч Б.Гантогтох хэмээн зарлаж баталгаажуулахад босож зогссон өнөөх байлдагч хэдийнээ шагналаа авахаар заалны голд ирсэн байх нь тэр. Ах нь албаа хааж дуусахад зөрөөд цэрэгт мордсон Б.Гантогтох ийнхүү сүүлчийн азтанаар тодорсон баяраа бидэнтэй хуваалцахдаа “Манай ангид Б.Гантогтох гэдэг нэртэй ганцхан байлдагч байдаг нь би. Намайг азтан гэдгийг онжавууд маань ч бас мэдээд над руу заагаад байсан болохоор би өөртөө итгэлтэй байсан” гэв. Мөн “Анх ирэхэд цаг хугацаа их удаан өнгөрөх юм шиг санагдсан. Гэтэл нэг мэдэх нь ээ шинэ жил болчихлоо. Олон найзтай болж, цэргийн албаны талаарх хандлага маань ч овоо төлөвшлөө” гэсэн юм. Байлдагч Б.Гантогтох цэрэгт ирэхээсээ өмнө ногоо тарьж, эх орныхоо хөрсөнд ургасан хүнсийг зах зээлд нийлүүлдэг баялаг бүтээгч байжээ. Цэргээс халагдаад энэ ажлаа үргэлжлүүлнэ гэдгээ бахархалтайгаар хэлсэн юм.
Налайх дүүргээс дан ганц өөрийгөө ч биш хоёр найзыгаа чирэх шахам дагуулж ирсэн байлдагч бол Г.Буянжаргал юм. Тэрээр өмнөө тавьсан олон зорилготой, тэдгээрийн нэг нь цэргийн алба хаах аж. Ер нь бол цэргийн албаар түүчээлж, цаашдын замаа дардан байлгах бодолтой явдаг гэнэ. Тэрээр “Нэг талаасаа иргэний үүргээ биелүүлж, нөгөө талаар тэсвэр тэвчээр, хатуужилтай болъё гэж бодоод цэрэгт ирсэн. Миний хүүгийн зөв гээд хамгийн их дэмжсэн хүн бол ээж минь. Хамт олонтойгоо амархан уусаад, одоо бид эвсэг гэж жигтэйхэн. Бүх зүйлийг хамтдаа хийдэг болохоор нэг хүн шиг цул болцгоосон. Өнөөдөр шинэ жилээ тэмдэглэж байгаа учраас догдлол их байна. 12 дугаар ангийнхаа шинэ жил, төгсөлтийн баяраас хойш ингэж баярлаж байсангүй. Хүний амьдралд нэг л тохиох энэ цаг мөчийг онжавуудтайгаа өнгөрөөж, баяр хөөрөөр дүүргэж байгаадаа баяртай байна” хэмээн хэлэхдээ догдолсон сэтгэлээ дарж ядан байв. Үргэлжлүүлэн нэг хүн шиг цул болцгоосон гэдэг санаагаа тодотгож “Бид ямар ч үед бие биеэ дэмждэг. Гүйж байгаад цуцсан нэгийгээ дэмнээд явчихдаг, ар гэрээ санасан бол аль болох сатааруулдаг. Цэргийн нөхөрлөл аргагүй сайхан юм даа” гэв.
Дараа нь “Өмнө нь тогтсон зорилгогүй байснаа сайн санаж байна” хэмээн ярьж эхэлсэн байлдагч бол О.Тавилан юм. Түүний хувьд цэрэгт ирснээсээ хойш өөрийгөө бясалгах, аливааг бодож тунгаах, өөрийгөө дүгнэх нь ихэсжээ. Халагдсаныхаа дараа өмнөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд алхам алхмаар ойртоно гэдгээ ч шийдэмгий хэлж байна лээ. Эцэг эхийнхээ санааг их зовоодог байснаа ч нуусангүй. Араас нь “Одоо тэднийхээ санааг нь зовоохгүй, олон аавын хөвгүүдтэй эвтэй найрсаг байж албаа сайн хаагаад ирээрэй гэсэн аавынхаа захиасыг ч сайн биелүүлж байгаа” хэмээх нь цэрэгт ирээд их л урамшсаных, бас их хэрсүүжжээ гэж бодогдов.
Шинэ жилийн баяр гээд нэг их баярлаад сүйд болдоггүй О.Тавилангийн хувьд он жавуудтайгаа хамт угтсан шинэ он маш дурсамжтай болж өнгөрлөө гээд их л олзуурхаж байсан.
Учир нь гэр бүлийнхэнтэйгээ хамт инээж, хөгжилдөж байсан цаг үеийг нь санагдуулам гайхалтай байлаа гэсэн юм. Бас ангийнх нь хамгийн том дарга, захирагч нь өвлийн өвгөний дүрээр баяр нэмж ирсэнд эхэндээ гайхаж, сүүлдээ нэг л дотно сайхан санагдсанаа хуваалцаж байв.
Түүнээс ангийнх нь онцлогийн талаар асуухад “Бүтээн байгуулалтад оролцохоос гадна гүйлт харайлт, биеийн тамираар манлайлдаг анги. Бид ч энэ бахархлыг үргэлжлүүлж гүймээр санагдаад хөл хөнгөрчихдөг” гэв.
О.Тавилангийн онжав болох Б.Сундуй Дархан-Уул аймгаас хугацаат цэргийн албанд татагдсан. ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуульд суралцаж байгаад хоёрдугаар курсээсээ ийн иржээ. Уг нь эхний жилдээ цэрэгт явъя гэж бодсон боловч нас хүрээгүй гэдгээ учирласан юм. “Дөл”, “Өсвөрийн цагдаа” гэх мэт тэмцээнүүдэд оролцдог байсан нь түүнийг цэргийн албанд дурлуулсан байна. Жагсаалын бэлтгэл, бууны угсаргаа, задаргаа, цув өмсөхийг сурснаар цэргийн амьдралд бараг л орсон байж. Мэдээж цэргийн хүн болж чадаагүй ч дутуугаа гүйцээхээр ирсэн нь энэ ажээ. Тэрээр шулуухнаар "Хоёр гуравхан сарын өмнөх өөртөө ямар унхиагүй байсан юм бэ гээд хэлчихмээр санагддаг" хэмээсэн нь өдөр өдрөөр сэтгэлээ хатамжилж байгаагийнх нь илрэл биз ээ. Б.Сундуй энэ шинэ жилийн баяраар онжавуудынхаа өмнө бүжиглэсэн. Найз охинтойгоо хамт бүжиглэсээр байгаад бага зэрэг эвсэлтэй болсон гэсэн нь бидний яриаг хөгжөөж эхлэв.
Цэрэгт явна гэхэд найз охин нь яаж хүлээж авсан бэ гэхэд “Дурамчхан байсан. Одоо тэгээд хоёр, гурван сар болсон болохоор эвлэрсэн. Гэхдээ биднийг утсаар тогтмол яриулж, хүн бүр гэрийнхэн ойр дотнынхонтойгоо дүрс дүрсээ харж, ярилцах боломж нээлттэй байдаг болохоор сэтгэгдэл өндөр байгаа. Бас кино шиг сайхан санагдсан зүйл гэвэл, бид найз охидынхоо зургийг биедээ авч явахаас гадна хоорондоо захиа занаа их бичих болсон. Захиа бичүүлэх гээд шүлэг зохиодог найзуудаа их л зовооно доо. Азаар өмнөх ах нарын үлдээсэн шүлэгтэй дэвтрийг олсон” гээд хөнгөн инээд алдав.
Цэргүүдээ баярлуулах гэж ихийг сэтгэж, өвлийн өвгөн ч болоод амжсан ангийн удирдлагуудтай уулзлаа. Дайчдаа хараад дагаж хөөрөөд сууцгаана лээ. Энэ зуурт нь ангийн сургалт бэлтгэлт, үйл ажиллагаатай холбоотой төсөрхөн мэдээлэл ч авлаа.
Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн 2021-2022 оны сургуулийн жилийн сургалтын төлөвлөгөө гурван үе шаттай хэрэгжих юм. Тухайлбал, цэргийн мэргэжил олгох болон мэргэшүүлэх, бэлэн байдлыг хангах шатны сургалтууд аж. Одоогоор мэргэжил олгох сургалт дуусаж, мэргэшүүлэх шатны сургалт эхэлсэн гэв. Мөн удирдлагууд тус ангид хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдын боловсролын түвшин тун сайн байгааг онцолж байсан. Тодруулбал, их дээд сургуульд суралцаж байгаа болон МСҮТ-үүдийг төгссөн залуус иржээ. Чихэнд сонсголонтой нэг мэдээ дуулгасан нь, их дээд сургуульд сурч байгаад цэрэгт татагдаж ирсэн залуусаа тухайн боловсролын байгууллагатай нь холбож цахимаар хичээлээ үзэж завсардлаа арилгах боломжийг бий болгохоор ажиллаж байгаа аж. Мөн Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг МСҮТ-үүдэд хугацаат цэргийн алба хаагчдыг суралцуулахаар хэлцлүүдийг хийж байгаа гэнэ. Түүнчлэн алба хаах хугацаандаа тус ангитай хамтран ажилладаг жолооны курст өөрсдийнхөө сонирхсон ангиллаар суралцаж төгсөх боломжтой гэдгийг ч онцолсон юм.
Мөн улс орны стратегийн томоохон бүтээн байгуулалтад гар бие оролцдог энэ ангийн бие бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд ч манлайлан оролцож, экологийн тэнцвэртэй байдлыг хадгалахад хувь нэмрээ оруулах ёстой гэдгээ ч илэрхийлж байв. Түүнчлэн ангийн офицер, ахлагч нарын хувьд төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон нь онолын мэдлэгээ ажлын талбарт бүрэн бататгаснаар өөрсдөдөө томоохон хөрөнгө оруулалт хийж чадсан хэмээн ихэд олзуурхах юм билээ.
Зэвсэгт хүчний ХЗЦК, АНУ-ын ХЗЦК-тай хамтран зохион байгуулсан “Зэв-2021” сургалт хоёр үе шаттай явагдаж өндөрлөсөн. Ирэх онд мөн хоёр үе шаттай явагдах аж. Тэсэрч дэлбэрэх бодистой харьцах нь үндсэн үүрэгт нь хамаарах тул 014 дүгээр анги тус сургалтад илүү их ач холбогдол өгч, өндөр оролцоотой хамрагддаг гэдгийг та бид мэднэ. Тэр ч үүднээс ангийн бие бүрэлдэхүүний хувьд 2022 оныхоо төлөвийг хэдийнээ гаргаж “Зэв” сургалтын хүрээнд явагддаг сургалтуудад илүү ахисан түвшинд суралцаж, бие бүрэлдэхүүнийхээ мэдлэг, ур чадварыг зузаатгахаар ажиллаж байгаа аж. Монгол Улсын инженерийн цэрэг бие дааж НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх тул дээрх ажил арга хэмжээ нь тун ч нүдээ олсон гэмээр. Үүнтэй холбогдуулан англи хэлний тэнхимийг ангидаа байгуулж, стандартын дагуу бүрэн тохижуулаад амжжээ. ХЗЦК-ын ангиудын алба хаагчид энд ирж англи хэл суралцах аж.
Өдрийн турш дайчдыг хөгжөөж, хөхрөлдөж гүйлдсэн энэ алиалагч бол тасгийн захирагч ахлагч Б.Ишжамц. Бүжиглэнэ, алиална, жонглёрдоно гээд бас л авьяасын цуглуулга гэмээр. Хаана инээд хөөр байна тэнд л ахлагч Б.Ишжамц бусдыг хөгжөөж явдаг гэх. Энэ жил анх удаа цэргүүдийнхээ шинэ жилд өөрийн биеэр бэлэг барьж алиалагч болох хүндтэй үүргийг гүйцэтгэж байгаа нь энэ.
Нүүр хагарсан, нүүрний баясгалантай ийм нэгэн тасгийн захирагчид цэргүүд нь талархаж байсныг уламжилъя. Эх орныхоо тусгаар тогтнол, амар амгалангийн төлөөх ариун үйлсэд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэж буй жавхаа төгс цэргүүдтэй хамт нэгэн оныг ийн үдэж, шинэ онтойгоо учран золголоо.
Эх сурвалж: "СОЁМБО" СОНИН, ДЭСЛЭГЧ Ц.ЭНХ-ОРГИЛ