
Эх орноо батлан хамгаалах эрхэм үйлсэд хүчин зүтгэж, эрдэм ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе, үеийн эх оронч ерөнхий цэргийн ахмадууд, одоо алба хашиж байгаа мэргэжил нэгт офицер, ахлагч нартаа шинэ цагийн мотобуудлагын цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 64 жилийн ойн баярын мэндийг Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье!
Шинэ цагийн Ерөнхий цэргийн түүх Монгол Ардын Хувьсгалт цэргийн мотобуудлагын батальон 1956 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдснаар эхэлдэг бөгөөд хожмоо ерөнхий цэргийн офицеруудын санаачилгаар Батлан хамгаалахын сайдын 2007 оны 122 дугаар тушаалаар “Ерөнхий цэргийн өдөр” болон баталгаажсан билээ.
Манай ерөнхий цэргийнхэн эх оронд минь дайсан халдахын цагт байлдааны ажиллагааны хүнд бэрхийг үүрч, ялалтыг дархлагч гавьяатнууд гэдэг нь дайн, тулааны түүх бэлхнээ гэрчилдэг юм. Тийм ч учраас ерөнхий цэргийн мэргэжлийн офицеруудын дайчин замнал, алдар гавьяа, амжилт бүтээл нь Зэвсэгт хүчний түүхэнд чухал байр суурийг эзэлдэг бөгөөд өнөөдөр ч гэсэн ерөнхий цэргийнхэн маань төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хөгжил цэцэглэлтэд ч, эх орны бүтээн байгуулалтад ч, энхийг сахиулах үйл хэрэгт ч манлайлагчийн эгнээнд байдгийг цохон тэмдэглэхдээ таатай байна. Зуун зууны баатарлаг түүхтэй эх орныхоо тусгаар тогтнолын баталгаа нь болж өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, Зэвсэгт хүчний хөгжил, дэвшлийн төлөө үнэлж баршгүй хувь нэмэр оруулан Монгол цэргийн баатарлаг түүхийг түүчээлэн яваа ерөнхий цэргийнхнийхээ алдар гавьяа, амжилт бүтээлийг баярын энэ өдөр бахархан тэмдэглэхдээ бахдалтай байна. Ардын журамт цэрэг байгуулагдсанаар Монгол цэргийн шинэ үеийн түүхийн хуудсыг нээж, морьт цэргээс мото механикжуулсан цэрэг, улмаар мотобуудлагын цэрэг болон хөгжих их үйлсийн манлайд явсан ахмад дайчид, тэдний нэр хүндийг өндөрт өргөж яваа эрхэм Та бүхэндээ дахин баярын мэнд хүргэж, албанд нь өндөр амжилт, амьдрал нь хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Монгол цэргийн яруу алдар үеийн үед мандан бадраг!
ХУУРАЙ ЗАМЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАГЧ, БРИГАДЫН ГЕНЕРАЛ Б.АМГАЛАНБААТАР