• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ЗОРИГТ БААТАР ЧОЙМБОЛЫН ШАГДАРСҮРЭН
Нийтэлсэн: 2021-01-14 13:59:45
Үзсэн: 209

МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ЗОРИГТ БААТАР ЧОЙМБОЛЫН ШАГДАРСҮРЭН
Нийтэлсэн: 2021-01-14 13:59:45 Үзсэн: 209



     Монгол Улсын нисэх хүчний ууган баатруудын нэг

     Монгол Улсын баатар Чоймболын Шагдарсүрэн нь 1910 онд Түшээт хан аймгийн  Бишрэлт гүний хошуу одоогийн Булган аймгийн Могод сумын Авзага багт ард Магсарын анхдугаар хөвгүүн болж төржээ. Амьдралын эрхээр 3 настайдаа Амгаланбаатар хотноо амьдарч байсан ард Чоймболынд үрчлэгдсэн аж. Тэрээр өргөж авсан эцэг, эхийнхээ гар дээр өсч бойжин, 1926 онд 16 настайдаа Нисэх хүчний анхны дамжаанд суралцан “Нисэх онгоцны моторчин” мэргэжил эзэмшжээ. Дамжаанд суралцагч нөхдөөсөө сурлага сахилга, идэвхи, сонирхол, авьяас чадвараараа шалгарч улмаар Зөвлөлтийн мэргэжилтэн Лозик, А.А.Лапин нарыг 2 жил шахам дагалдан сургуулилж “Р-1” онгоцны нисгэгч болсон.  1928 онд МХЗЭ-ийн илгээлтээр хэсэг залуусын хамт армид алба хаахаар мордож нисэх ангид хуваарилагджээ.

     1930 оны 5 дугаар сард “Р-1” онгоцоор нисгэгч Д.Жамбаагийн хамт Улаанбаатар-Өндөрхаан-Баянтүмэн-Тамсагбулаг-Улаанбаатар чиглэлд нисч хоёр талдаа 2000 гаруй километр урт агаарын замыг анх нээсэн нь ард олонд нисэх онгоцыг сонирхуулан сурталчилахын хамт улс орноо батлан хамгаалах хэтийн зорилттой байв. Мөн “Ю-13” онгоцоор алс холын замд чадамгай аялан Монгол орныхоо нутаг дэвсгэр дээрх агаарын шинэ, шинэ замыг нээсэн түүхтэй. 1930 онд Төгсбуянтын хийд, Улаангомын хийдэд үймээн дэгдэхэд тавигдсан үүргийг сайн биелүүлсэн учир “Цэргийн гавьяаны 1 дүгээр зэргийн одон”-оор шагнагджээ.

     ЗХУ-аас 1931 онд худалдан авсан нисэх онгоцнуудыг Улаан-Үдэд авчирч угсарсаныг нисгэгч Д.Жамбаа, Б.Батцэрэн нарын хамт агаарт шалган нисч удалгүй Улаанбаатарт жолоодон авчирч олон улсын нислэгийн анхны харгуйг гаргав.

     1930 оны сүүлээр ЗХУ-ын Оренбург хотод маршал К.Е.Ворошиловын нэрэмжит Цэргийн техникийн сургуульд суралцан 1932 онд төгсөж, “Р-5” онгоцны нисгэгч мэргэжил эзэмшжээ. Ингэж малчин ардын хүү Монголын ууган нисгэгчдийн нэг болжээ.

     1934 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр МАХЦ-ийн нисэх онгоцны ангийг өргөтгөн Нисэх бригадыг гурван отряд болгон зохион байгуулахад сургуулийн отрядын даргаар томилогдсон байна.

     Тухайн үед зүүний алдаа завхралын улмаас лам, ардын бослого гарахад байлдааны үүргээ биелүүлж, Улаанбаатар, Архангай, Хөвсгөл, Завхан аймгийн нутгаар агаарын шинэ зам нээж, 100 гаруй удаа байлдааны үүргийн нислэг үйлджээ. Мөн Тариат, Цэхүүрхэй гол, Бичгэнэ гол, Булнай нуруу зэрэг газар байрласан босогчдын бүлгийг агаараас цохих, байлдааны үүргийг гарамгай биелүүлэв.

     Чоймболын Шагдарсүрэн 1933 оны 4 дүгээр сард “Р-5” онгоцоор Замын-Үүд хүртэл тусгай үүргийн анхны нислэгийг хийж агаарын шинэ зам нээлээ. Мөн 1933 оны 10 дугаар сард Дорнод аймгийн Хунт сумаас хэсэг хүмүүс адуу хулгайлж, хил давуулахыг завдсаныг Ч.Шагдарсүрэн бусад нөхдийн хамтаар “Р-1” онгоцоор агаараас тагнан илрүүлж, дээрэмчдийг баривчлуулж, дээд командлалаас өгсөн үүргийг онцгой сайн биелүүлжээ. Нисэхийн сургуулийг үүсгэн байгуулж захирлаар нь Ч.Шагдарсүрэнг томилон ажиллуулсан байна.   

     1934 онд Ховд, Булган, Цэцэг, Үенч зэрэг нутгаар үймээн дэгдээсэн Хасгийн ба Шинжааны дээрэмчдийг бут цохиод 500 гаруй километрийн 31 удаагийн нислэг үйлдэж, тавигдсан үүргийг амжилттай биелүүлсний учир “Цэргийн гавьяаны 2-р зэргийн одон”-оор шагнагдав. Мөн “К-5”, “Сталь-3” шинэ онгоц ирэхэд анхны нислэгийг хийж байлаа.  

     Монгол Улсын эсрэг Япон, Манжийн цэргийн өдөөн хатгалга 1936 оны 3 дугаар сараас улам өргөжсөн тул “Бүх цэргийн жанжин” Г.Дэмидийн тушаалаар 1936 онд Баянтүмэнд Нисэхийн отрядыг шинээр байгуулж, даргаар нь Ч.Шагдарсүрэнг томилжээ. Энэхүү отряд 1936 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Адагдулааны чиглэлд нисэж, хил нэвтэрсэн Япон, Манжийн 60-70 машинтай бүлэглэлийг 1200 метрийн өндрөөс бүх онгоцны хүчээр бөмбөгдөж, дараа нь пулемётын галаар шумбан дайрч, нийт 9 удаагийн дайралтыг амжилттай хийсний үр дүнд дайсанд багагүй хохирол учруулжээ. Дайсны бүлэглэл байлдааны журмаа алдан эмх замбараагүй тарж бутарсан байна. Энэхүү тулааны үеэр буудлагын зэвсгийн галд өртөн нэгдсэн отрядын дарга Ч.Шагдарсүрэн шархаджээ.

     Монгол Улсын хил хязгаарт халдан довтолсон дайсантай Ч.Шагдарсүрэн нь нисэх отрядаа чадамгай удирдан байлдсан тул БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын Сайд нарын Зөвлөлийн 1936 оны 4 дүгээр сраын 7-ны өдрийн 17 дугаар хурлын тогтоолоор “Дайсан этгээдэд туйлын хатуу цохилтыг өгч цаг тухай дор нь няцаан устгаж чадсаны дээр өөрийн улсын тусгаар тогтносон байдал ба эрх чөлөөт үндсэн газар нутгаа хатуу чийргээр хамгаалж Монгол улсын эртний эрэлхэг түүхт байлдааны их сүр хөгжлийг дайсны өмнө ил тодорхойгоор үзүүлж чадсан учир” түүнд  “Улсын эрхэм нисгэгч” цол хүртэж “Байлдааны гавьяаны улаан тугийн одон”-оор энгэрийг нь мялаасан юм. Түүний удирдсан отрядаас БНМАУ-ын Агаарын зоригт баатар Д.Дэмбэрэл төрөн гарсан билээ.

     Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжны 1936 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн тушаалаар түүнд “Бригад командлан захирагч” хэмээх хошууч генералтай дүйцэхүйц цол олгожээ. 1937 оны 8 дугаар сард Монгол Ардын Хувьсгалт Цэргийн Нисэх хүчний анхны командлагчаар түүнийг томилов.  Тэрээр 1935 онд Улсын Бага Хурлын гишүүн, МХЗЭ-ийн Төв Хорооны Бүгд хурлын гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байсан, хөдөлмөрч, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй нэгэн байсан. Түүний эхнэр Ичинхорлоо нь Монголын анхны нисгэгч эмэгтэй юм.

     Ч.Шагдарсүрэнг 1938 онд хилсээр хэлмэгдүүлэн хороосон. БНМАУ-ын Агаарын зоригт баатар Ч.Шагдарсүрэнг Халхын голын байлдааны үед агаарын хүч тэнцвэргүй тулалдаанд амь үрэгдсэн хэмээн гэж тухайн үеийн албаны баримт бичгүүдэд бичжээ.

     Ч.Шагдарсүрэнгийн эх орон, ард түмнийхээ өмнө байгуулсан гавьяаг үнэлж 1965 онд Монгол Улсын Нисэх хүчний 40 жилийн ойгоор БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнасан билээ. Өдгөө төрөлх нутгийнх нь бүрэн дунд сургууль түүний нэрэмжит төдийгүй, БНМАУ-ын БХЯ-ны сайдын 1979 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 185 дугаар тушаалаар “БНМАУ-ын баатар Чоймболын Шагдарсүрэнг Ардын Армийн сөнөөгч онгоцны нэгдүгээр тусгай эскадрилийн I хэсэгт” мөнхжүүлжээ.

     Тэрээр Монголын анхны моторчин, нисгэгч, ухамсарт амьдралаа эх орон, ард түмнийхээ төлөө бүрэн зориулсан мартагдах учиргүй гавьяатан, үе үеийн нисгэгчдэд үлгэр дууриалал болсон агаарын зоригт шонхор юм.

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 337 ДУГААР АНГИ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644