• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.ЭНХБАЯР: ЦАР ТАХЛЫН ҮЕД ТӨЛӨВЛӨСӨН АЖЛУУДЫГ ЯВУУЛАХ ОЛОН АРГА ЗАМ БИЙ
Нийтэлсэн: 2021-01-14 14:20:53
Үзсэн: 215

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.ЭНХБАЯР: ЦАР ТАХЛЫН ҮЕД ТӨЛӨВЛӨСӨН АЖЛУУДЫГ ЯВУУЛАХ ОЛОН АРГА ЗАМ БИЙ
Нийтэлсэн: 2021-01-14 14:20:53 Үзсэн: 215



     Агаарын цэргийн командлал 2021 онд ямар зорилго, зорилтууд дэвшүүлсэн? Цар тахалтай холбоотойгоор дээрх зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцлог хэлбэрээр явагдах ажлууд бий юу?

     -Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал 2021 онд эрх зүйн болон удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийн хэрэгжилтийг зохион байгуулж, техник, технологийн дэвшлийг нэвтрүүлэн Агаарын цэргийн үүрэг гүйцэтгэх чадавх, бэлэн байдлыг хангах зорилгыг дэвшүүлсэн. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд эрх зүйн орчин, удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийн бүрдэл, нийцэл, хэрэгжилтийг хангаж, Агаарын цэргийн үйл ажиллагааны бие даасан байдлыг бэхжүүлэх, штабын болон мэргэжлийн бэлтгэл сургалтад чанарын ахиц гарган, мэргэшсэн чадварлаг мэргэжилтэнг бэлтгэх, технологийн дэвшил, инновацыг нэвтрүүлэх, хуваарилагдсан төсвийг үр ашигтай зарцуулах зэрэг олон зорилтыг өмнөө тавиад байна.

     Цар тахлын улмаас зарим нэг ажлын хэрэгжилтэд хүндрэл үүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ хэрэгжүүлэхгүй гэсэн үг биш. Үүнийг шийдвэрлэх олон боломж байгааг өнгөрсөн онд Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүн туршиж үзсэн бөгөөд  шууд харилцаанд оролгүй зайнаас, цахим хэлбэрээр явуулах зэрэг олон арга байна.

  2021 онд тохиож буй ойн үеэр Агаарын цэргийн командлал, харьяа ангиуд ямар ажлуудыг төлөвлөв?

     -Батлан хамгаалахын яамны 110 жил, Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулсан нэгдсэн төлөвлөгөөг Зэвсэгт хүчний Жанжин штабаас гаргасан. Энэхүү төлөвлөгөөнд Агаарын цэргийн командлалаас хийх ажлуудыг тодорхой тусгаж өгсөн ба хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Зэвсэгт хүчний түүхэнд Агаарын цэргийн байр суурь том үсгээр бичигддэг. Дэлхийн хоёрдугаар дайны үед Монгол Ардын арми Нисэх дивизтэй байсан. Тиймээс Агаарын цэргийн түүхэн замнал, алдар гавьяаг хүүхэд залуучуудад таниулах, сурталчлах үүднээс зэвсэглэл, техникээ дэлгэнэ. Мөн Зэвсэгт хүчний Агаарын цэрэг гэж юу ямар үйл ажиллагаагаа явуулдаг, байлдааны жижүүрлэлт гэж юу болох, агаарын орон зайн хяналт зэрэг  мэдээллийг иргэдэд хүргэхийг зорино. 

     Өнгөрсөн онд Батлан хамгаалахын сайд Агаарын цэргийн командлалд ажиллах үеэрээ техник, хэрэгслийн шинэчлэлтэй холбооттой асуудлуудыг дэвшүүлсэн. Эдгээр ажлын хэрэгжилт ямар шатанд явж байгаа вэ?

     -Агаарын цэргийн дийлэнх зэвсэглэл, техник нь ЗХУ-ын Зэвсэгт хүчинд ашиглаж байсан хуучин зэвсэглэл, техник байгаа нь нууц биш. Ийм байдалтай цаашаагаа үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй байгааг Батлан хамгаалах болон Зэвсэгт хүчний удирдлага ойлгож, зэвсэг, техник хэрэгсэл шинэчлэх ажлыг бүх талаар дэмжин ажиллаж байна. Агаарын цэргийн зэвсэглэл, техник хэрэгсэл нь орчин үеийн нарийн технологи бүхий өндөр өртөгтэй хэрэгслүүд байдаг тул нэг дор бүгдийг нь шийдэх боломжгүй. Тиймээс тодорхой төлөвлөгөө гарган үе шаттай шинэчлэх ажил явагдаж байгаа.Бидний хувьд өөрсдийн нөөц, боломжид тулгуурлан зарим техник хэрэгслийн шинэчлэх төсөл, хөтөлбөрийг боловсруулан ЗХЖШ-ын даргын зөвлөл болон Батлан хамгаалахын сайдын зөвлөлд танилцуулсан. Уг төсөл, хөтөлбөрийн тодорхой хэсгүүдийг нь энэ жил Зэвсэгт хүчний Хөгжлийн сангийн хөрөнгөөр шийдвэрлэнэ.

     Онцолбол, Агаарын цагийн байдлын мэдээг боловсруулах автоматжуулалт, радиолокацийн станцуудыг тоон систем шилжүүлэх асуудал, холбоо, удирдлагын системийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх зэрэг ажлуудыг дурдаж болно. Нэг үеэ бодоход Агаарын цэргийн боловсон хүчний чадвар, чадавх нэлээдгүй сайжирсан. Тиймээс зарим техник хэрэгслийг агаарын цэргийн алба хаагчид өөрсдөө зохион бүтээх, турших ажлууд давхар явагдаж байгаа.

     Алслагдсан анги, салбарт ажиллаж байгаа цэргийн алба хаагчдын нийгмийн асуудал дээр төлөвлөсөн ямар ажлууд байна вэ?

     -Алслагдсан анги, салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч нар нь  алба хааж  байгаа нөхцөлөөсөө шалтгаалж төв, суурин газар ажиллаж буй цэргийн алба хаагчдаас илүү олон нэмэгдлийг тэд нарт өгдөг. Гэхдээ та нар олон нэмэгдэл авдаг гээд хайхрахгүй орхилгүй жил болгон л нийгмийн асуудлыг сайжруулах ажлуудыг хийсээр ирсэн. Энэ жилийн хувьд байлдааны жижүүрлэлтэд гардаг бие бүрэлдэхүүнд нэмэгдлийг нь олгох асуудлыг ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурлаар оруулан тодорхой чиглэлүүдийг гаргасан. Одоо Батлан хамгаалахын сайдын зөвлөлөөр хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

     Дээр хэлсэнчлэн агаарын цэргийн боловсон хүчин гадаадын их, дээд сургуульд суралцаж төгссөн залуусаар эгнээгээ өдөр ирэх тусам өргөтгөж байна. Эдгээр залуус нь Монгол Улсын аль ч цэгт буюу алслагдсан анги, салбарт ажиллахад бэлэн байгаа нь маш сайшаалтай. Харин тэднийг томилогдоод очиход амьдрах орон сууцны асуудал хүнд байдаг. Энэхүү нийгмийн асуудлыг нь шийдвэрлүүлэхийн ажлын хүрээнд 2021 онд хоёр ч салбарт албан тушаалын орон сууц барихаар төлөвлөж байна. Мөн орон нутгийн өмчит объектуудыг шилжүүлэн авч, засаж сайжруулан цэргийн алба хаагчдаа оруулах асуудлууд ч яригдаж байгаа.

     Сүүлийн жилүүдэд явагдаагүй хэд хэдэн команд-штабын сургуулийг Агаарын цэргийн ангиудын дунд явуулсан. Энэ жил уг сургуулийг ямар хэлбэрээр явуулах вэ?

     -Хуулиар хүлээсэн үндсэн үүрэг болон бусад үүргүүдийг хэрэгжүүлэхийн тулд сургалт бэлтгэлийг тогтмол явуулна. Цэргийн сургалт бэлтгэлийн хамгийн үр дүнтэй хэлбэр нь команд штабын болон тактикийн хээрийн сургуулиуд байдаг. Тиймээс өнгөрсөн жил явагдсан  нэгдсэн команд штабын сургууль, тактикийн хээрийн сургуулиудыг 2021 онд улам чанаржуулж явуулна. Дээр хэлсэнчлэн, өөрсдийн нөөц бололцооны хүрээнд хийж, хэрэгжүүлж байгаа техник хэрэгслийн шинэчлэлийг тус сургуулиудаар туршиж үздэгээрээ давуу талтай юм

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56011
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51983
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50103
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48934
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48644