
Монгол Улсын гавьяат нисгэгч, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Дугарын Цэрэндорж Зэвсэгт хүчний 303 дугаар ангид 1966-1971 онд захирагчаар ажиллаж байжээ.
Хурандаа Дугарын Цэрэндорж 1918 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод партизан Дугарын 2 дугаар хүү болон төржээ. 1928-1932 онд бага сургууль, 1932-1935 онд Улаанбаатар хотод Үлгэр жишээ дунд сургууль, 1938-1939 онд дотооддоо нисэх сургууль, 1943-1947 онд хуучнаар ЗХУ-ын Нисэх хүчний академийн командын анги, 1961 онд Улъяновск хотын Агаарын тээврийн нислэгийн бэлтгэлийн дээд сургуулийн нислэг удирдагчийн түр сургалтыг тус тус төгсжээ.
Улс армид тасралтгүй 50 жил ажиллахдаа цэрэг, слесарь, авто сэлбэгийн агуулахын нярав, бага дарга, бага нисгэгч, эскадриль, хорооны штурман, нисэх хорооны нислэгийн туслах, Цэргийн Ерөнхий сургуулийн нисэх секцийн ахлах багш, Нисэх хүчний хэлтсийн туслах, нисэх хорооны штабын дарга, боловсон хүчний хэлтсийн дарга, холбооны нисэх эскадрилийн дарга, БХЯ-ны оперативын хэлтэст нисэх хүчний асуудал эрхэлсэн ахлах офицер зэрэг албан тушаалыг хашиж, агаарт 7000 гаруй цаг, 2 сая шахам километр нисэж Монголын нисэх хүчин, иргэний агаарын тээврийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэж, сургах нислэгийн онцгой үүргийг амжилттай биелүүлсэн цэргийн нисэхийн түүхэнд нэр, мөрөө тодоос тод үлдээсэн гавьяатан билээ.
Тэрээр МАХН-д 1943 онд элссэн. Ардын Их Хурлын 5-10 дахь сонгуулиар БНМАУ-ын Дээд шүүхийн гишүүний ардын төлөөлөгчөөр сонгогдож байжээ. Монголын нисэх хүчин, иргэний агаарын тээврийн байгууллагад он удаан жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, даалгасан үүргийг цаг хугацаанд нь биелүүлж байсан хөдөлмөрийн амжилтыг нь төр засгаас өндрөөр үнэлж Сүхбаатарын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны одон, Алтан гадас одонгоор 2 удаа, ЗХУ-ын Засгийн газраас Улаан таван хошуу одон, бусад ойн медалиудаар удаа дараа шагнаж, 1968 онд “БНМАУ-ын Гавьяат нисгэгч” хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагджээ.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 80 дугаар тогтоолоор Зэвсэгт хүчний 303 дугаар ангийг Монгол Улсын гавьяат нисгэгч, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, хурандаа Дугарын Цэрэндоржийн нэрэмжит болгож түүний гавьяат үйлсийг мөнхөлсөн юм.