
Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн инженер пуужингийн албаны дарга, хошууч М.Мөнх-Эрдэнэ ярьж байна.
Таны намтар түүхээс ярилцлагаа эхлэх үү?
Би 1974 оны 4 дүгээр сард Дорнод аймгийн Хатанбулаг суманд Б.Мөнхбаатарын том хүү болж төрсөн. Ам бүл 5, эхнэр хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Одоо Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн инженер пуужингийн албаны дарга албан тушаалыг хашиж байна. 1992 онд 10 жилийн дунд сургууль, 1999 онд БХИС-ийг зенит-артиллерийн командын офицер мэргэжлээр, 2000 онд салааны захирагчийн дамжаа, 2009 онд ОХУ-ын Москва хотод “Печора 2м” пуужин чиглүүлэх станцын УНВ-2 антены цамхгийн мэргэжилтэн бэлтгэх дамжаа, 2004-2005 онд ОХУ Чита хотод офицерын сургуулийг Ерөнхий цэргийн командын мэргэжлээр, 2007 онд Батлан хамгаалах удирдлагын академийн офицерын курс, 2013-2014 онд ОХУ-ын Тверь хотод Агаар-сансрын академийг зенит пуужингийн анги, салбарын удирдлага мэргэжлээр тус тус төгссөн.
Агаарын цэргийн мэргэжлийг сонгох болсон талаар сонирхуулбал...
Аав маань хилийн цэрэгт заставын даргын албан тушаалыг хашдаг байсан. Аавынхаа буянаар цэрэг хүний хэрэглэдэг зүйлс болох төмөр ор, төмөр таваг, аяга, ГАЗ-66 машин зэрэг зүйлстэй багаасаа танилцсан даа. Цэрэг ах нарын жагсаалын бэлтгэл, аавынхаа жагсаалыг командалж байгааг харж өссөн учраас цэргийн хүн болох хүсэл төрсөн.
1992 онд цэргийн зарлан ирж бөөн баяр хөөрсөн хүн явж байснаа санаж байна. Цэргийн бүртгэл “Од кино” театрт явагдаж, хувь тохиолоор 065 дугаар ангид алба хаах болж, радио телеграфчины курст суралцсан. 1995 онд ахлагчийн албанд томилогдон тус ангид ажиллах болсон. Оператор, планшетчин, радист, релейны механикч гэсэн албан тушаалуудыг хашиж байгаад цэргийн дарга офицер болох хүсэл сонирхолдоо хөтлөгдөн БХИС-д орсон. Тухай үед улс орон даяар зах зээлийн нийгэмд шилжиж, армид хүн хүч дутмаг байсан, цалин хөлс цагтаа буудаггүй болсон хүнд үе байсан. Тиймээс ажиллах боловсон хүчин дутмаг хүнд үед ажиллах хүсэл сонирхолдоо баригдаж албандаа үнэнч байсан нь миний амьдралын хамгийн том алхам байсан юм.
Цэргийн хүний энгийн иргэдээс ялгагдах онцлог юу вэ?
Цэргийн хүн тушаал, заавар, журамд захирагдаж, эх орныхоо төлөө тангараг өргөж, өргөсөн тангарагынхаа төлөө байнга цохилох зүрхтэй байдаг болов уу гэж би боддог. Цэргийн хүний хамгийн чухал зүйл бол болзошгүй аюулд бэлэн байхад бэлтгэгдсэн байхад оршино.
2020 он Таны хувьд ямар жил болж өнгөрсөн бэ?
Ангийн байлдааны жижүүрлэлтийг тасралтгүй явуулах, байлдааны бэлэн байдалд зэвсэглэл, техникийн бэлэн байдлыг хангах зорилгыг дэвшүүлэн ажилласан. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд зэвсэглэл, техникүүдийн засвар үйлчилгээг тоот бүрэлдэхүүнтэй хамт чанартай хийж гүйцэтгэж, тоотуудыг дадлагажуулах, хэвшүүлэх ажлуудыг шат дараалалтай гүйцэтгэн ажилласан. Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ангиудын дунд зохион байгуулсан “Агаарын цэргийн командын А/12 тоот тушаалаар батлагдсан Зэвсэглэл, техникийн арчлан хамгаалалтыг блок системүүдэд өөрчлөлт оруулахгүйгээр харах алсыг нэмэгдүүлэх” болзолт уралдаанд тэргүүн байр эзэлсэн. Манай хамт олон ажил, мэргэжилдээ мэргэшиж байгаа нь олон цэргийн алба хаагчдын бахархал болсон үйл явдал болсон юм. Орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан станцуудын эвдрэл гэмтлийг техникч офицеруудын бүрэлдэхүүнтэйгээр засварлах боломжтой болсон нь хамгийн том ололт байлаа.
2021 онд ямар зорилт дэвшүүлсэн бэ?
Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойгоор ангийнхаа үндсэн үүрэг болох пуужингийн харвалтыг зохих журмын дагуу гүйцэтгэх туйлын хүсэлтэй байдаг. Мөн станц техник дээр ажиллах бүрэлдэхүүнийг ангийн зорилго зорилт, төлөвлөгөөний дагуу онолын болон дадлагыг явуулж, бие бүрэлдэхүүний чадваржуулахад анхааран ажилахаар төлөвлөж байна.
Ахмад Г.Бямбасүрэн