
“Мэргэжлийн бүхэн сайхан” цуврал нийтлэлийн буухиаг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн захирагчийн нислэг эрхэлсэн орлогч, дэд хурандаа Л.Баясгалангаар үргэлжлүүлж байна.
-Эрхэм дэд хурандаад энэ өдрийн мэнд хүргэе. Чухам яагаад цэргийн нисгэгч хэмээх мэргэжлийг эзэмших болов гэдгээс ярилцлагаа эхэлье...
-Эрэгтэй хүүхэд бүр нисгэгч болно гэж цаасаар онгоц хийж тоглодог шүү дээ. Миний хувьд багийн мөрөөдөл бас амьдралын орчин нөлөөлсөн. Яагаад гэхээр аав маань цэргийн хүн. Хурандаа Лувсан гэхээр хуучны цэргийн дарга нар андахгүй. Аавынхаа зөвлөснөөр 1980 онд ерөнхий боловсролын дунд сургуулиа төгсөөд тэр жилдээ цэрэгт явлаа. Тэгсэн дараа жил нь буюу 1981 онд Монгол Улсаас анх удаа Ж.Гүррагчаа баатар сансарт нисэж, цэргийн хуаранд байгаа байлдагч бид нарын хувьд бөөн баяр болдог юм байна. Бид гэлтгүй Монгол Улс даяараа л сансарт ниссэн орос, монгол хоёр хүүгээрээ бахархаж, омогшиж, баярлаж, хайрлаж, хүндэтгэсэн. Одоо ч энэ нь хэвээрээ. Тэгээд яах вэ дээ, нисгэгч тэр дундаа цэргийн нисгэгч болохсон гэдэг мөрөөдлийг минь энэ бахархал улам лавшруулж өгсөн.
-Тэгээд л мөрөөдлөө биелүүлж...
-Аавын төрсөн дүүгийн хүү Чойжилсүрэнгийн Ганболд гээд дуунаас хурдан онгоцны нисгэгч хүн байсан. Тэр ах маань ОХУ-д цэргийн нисгэгчийн сургууль төгсөж ирээд, нисгэгч болсныхоо дараа надад байлдааны онгоцны талаар олон сайхан сонирхолтой түүх ярьж өглөө. Угийн нисгэгч болно гээд шийдчихсэн хүний хувьд мөрөөдлийг минь дэврээж өгч байгаа нь хэрэг л дээ. Магадгүй аав минь ахад “Цаадахдаа тэгж хэл” гэж зөвлөсөн байх гэж хожим боддог юм. Тэгээд л би гэдэг нөхөр 1981-1984 онд хуучнаар ЗХУ-ын харьяа Киргизийн нийслэл Фрунзе хотын Нисэхийн сургуульд Байлдааны нисдэг тэрэгний нисгэгч мэргэжлээр суралцаж төгссөн нь тэр юм.
-Төгсөж ирээд ажлын гараагаа хаанаас эхлүүлсэн бэ?
- 1984 оны 8 дугаар сард төгсөж ирээд Зэвсэгт хүчний 303 дугаар ангидаа томилогдлоо. Тухайн үед анги маань 109 дүгээр тусгай эскадриль гэсэн нэртэй байсан л даа. Ажилдаа гаршаад нэг их удалгүй Төв аймгийн Алтанбулаг суманд шинээр байгуулагдсан байлдааны нисдэг тэрэгний 251 дүгээр ангид нисгэгчээр томилогдсон. Миний хувьд нэлээд юм сургасан ажил энэ байсан. Түүний дараа 137 буюу 337 ангидаа алба хааж байгаад 2008 оноос хойш Зэвсэгт хүчний 303 дугаар ангидаа “Ми-171Е” нисдэг тэрэгний нисгэгчээр ажиллаж байна.
-Таны цэлмэг тэнгэрт өнгөрүүлсэн цаг...
-Хязгааргүй их. 2008 оноос л хойш агаарт өнгөрүүлсэн цагаа тооцож эхэлсэн. Өмнөхөө бол нээх тооцож явсангүй. Залуу ч байж. 2008 оноос хойш 3000 цаг цэлмэг тэнгэрт өнгөрүүлсэн байна лээ.
-Мэдээж нислэг бүр амаргүй байх ...
-Тийм ээ. Олон хүний амь нас, улс орны өмч хөрөнгийг хариуцаж байна гэж бодохоор нислэг бүр хүнд. Амархан нислэг гэж байдаггүй юм. Яах вэ, таныг асуусан учраас хариулахад хамгийн амаргүй нислэг нь 2019 оных байсан. Юу гэхээр Монгол Улсын хойд хилийн ойролцоо ой хээрийн түймэр гарч, ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах тусгай бригадын шүхэрчид, гал сөнөөгчидтэй түймрийг унтраахаар нислэг үйлдлээ. Түймэр дэгдсэн газар оронд очоод гал унтраах бүлгээ буулгаад эргээд нисэх гэтэл эргэн тойрон гал авалцаж эхэлсэн. Гал гэдэг хэдхэн секундээр хэмжигддэг аюултай эд шүү дээ. Нислэг үйлдэх ямар ч боломжгүй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан учир арга буюу нурман дээр буусан. Хэсэг хугацаа өнгөрч, аврах бүлгийг гал унтраасных нь дараа аваад цааш ниссэн. Хэд хэдэн газар яг л ийм байдлаар газардсан. Энэ бол амаргүй бөгөөд маш хариуцлагатай үүрэг байсан юм.