
“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярыг тохиолдуулан Зэвсэгт хүчний 325 дугаар анги Завхан аймаг дахь Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд цэрэг, спортын цогцолбор тэмцээнийг 2021 оны 03 дугаар сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулан явуулж 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Завхан аймгийн төв талбайд хүндэтгэлийн жагсаал, МУУГЗ Л.Ванганы нэрэмжит хөгжимт жүжгийн театрт урлагийн тоглолтыг зохион байгуулж Завханчууддаа баярын мэндчилгээ дэвшүүллээ.

Цэрэг, спортын цогцолбор тэмцээнд нийт 12 байгууллагын 350 алба хаагчид сагсан бөмбөг эрэгтэй, эмэгтэй, волейбол эрэгтэй, эмэгтэй, ширээний теннис эрэгтэй, эмэгтэй, холимог, шатар эрэгтэй, эмэгтэй, зуун буудалт даам эрэгтэй, эмэгтэй, усанд сэлэлт эрэгтэй, эмэгтэй зэрэг төрлүүдээс гадна марш тактикийн аварга тасаг, 2021 оны аварга офицер, ахлагч, эмэгтэй цэргийн алба хаагч гэсэн төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж хурандаа Г.Чулуунзагд захирагчтай Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн баг тамирчид тэргүүн байрт, хурандаа Х.Уламбаяр захирагчтай Хилийн цэргийн 0277 дугаар ангийн баг тамирчид дэд байрт, хурандаа Ө.Болд даргатай Завхан аймгийн онцгой байдлын газрын баг тамирчид гутгаар байрт тус тус шалгарч шилжин явах цом, медалийн эзэд боллоо.

Мөн баярын өдрийг тохиолдуулан Завхан аймгаас төрсөн Монгол Улсын баатар армийн генерал Батын Доржийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. Ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн засаг даргын орлогч Ц.Мянганбаяр Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэж, ажлын ажлын амжилт хүслээ. Тэрээр үргэлжлүүлэн цэрэг, спортын цогцолбор тэмцээн нь Зэвсэгт хүчний болон Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилсан, цэрэг эрсээрээ бахархах, омогших сэтгэгдлийг төрүүлж чадсан тэмцээн болсныг онцлон хэллээ.

Ахмад Н.Мөнхбаатар