Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Төрлийн цэргийн командлалууд бие даан үйл ажиллагаа явуулж эхлээд гурван жил өнгөрлөө. Энэ хугацаа бие даасан байдалдаа үнэлэлт дүгнэлт өгч, үр дүнгээ харсан цаг үе гэж ойлгож байна ...
-Улсын Их Хурлаар шинэчлэн батлагдсан Батлан хамгаалах бодлогын үндэс баримт бичиг болон Батлан хамгаалахын багц хуулийн хүрээнд 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал бие даан үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бие даан үйл ажиллагаа явуулснаас хойших хугацааг гурван өгүүлбэрээр тодорхойлмоор байна. Нэгдүгээрт, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал бие даасан байдлаараа төлөвшиж байна. Мэдээж төлөвшөөд дууссан гэж хэлэхгүй ч үндсэн голдиролдоо орчихлоо, бид. Хоёрдугаарт, харьяа анги, салбаруудаа удирдах, командлалаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд татан оролцуулах, гүйцэтгүүлэх зэрэг захиргаа, удирдлагын түвшинд юуг анхаарах, юу нь болж байна вэ гэдгийг нэлээд ойлгоод авчихлаа. Гуравдугаарт, цаашид яах ёстой вэ гэдгээ цогц байдлаар дүгнэж байна.
-Агаарын цэргийн хууль, эрх зүйн шинэчлэлийн хувьд ...
-Эрх зүйн шинэчлэлийн ажил одоо ч үргэлжилж байна. Нэг дүрэм, журмын цаана судалгаа шинжилгээ, цаг хугацаа зарцуулагддаг учраас ингэхээс өөр аргагүй юм. Ялангуяа, өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдлөг болдог баримт бичгүүдээ эхний ээлжид шинэчилж гаргах шаардлага байна. Зэвсэглэл, техникийн талаар гэхэд л Зөвлөлтийн үеэс дагаж мөрдөж байсан дүрэм, журам голдуу байгаа. Үүнийг монгол хэлнээ хөрвүүлж, өөрийн онцлог шинжид тохируулах, орчин үеийн байлдааны ажиллагаатай уялдуулах зэрэг хийж хэрэгжүүлэх олон ажил бидний өмнө хүлээж байна. Хийж хэрэгжүүлсэн, боловсруулж батлуулсан нь ч их байна. Өнгөрсөн жил гэхэд Улсын Их Хурлаар Улсын нисэхийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан багц дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулан Батлан хамгаалахын сайдаар батлуулан байлдааны дүрэм, журам, заавруудыг ч шинэчиллээ. Цаашид ч хууль, эрх зүйн баримт бичгүүдэд нийцүүлэн батлуулах шаардлагатай хэд хэдэн дүрэм, журам, заавар бий.
-Агаарын цэргийн командлалын гадаад харилцаанд нэлээд ахиц гарч байна. Энэ тухай тодруулахгүй юу?
-Манай командлалын хувьд 2019 он гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн амжилт дүүрэн жил байлаа. Нэгдүгээрт, Энэтхэг, Номхон далай дахь АНУ-ын Агаарын хүчний командлалтай анхдугаар зөвлөлдөх уулзалтыг хийж, цаашдын харилцаа, хамтын ажиллагаагаа тодорхойллоо. Энэхүү уулзалт нь хоёр улсын цэргийн хамтын ажиллагаанд томоохон байр суурийг эзлэх учиртай. Хоёрдугаарт, Монгол Улс, ОХУ-ын цэргийн хамтын ажиллагааны хүрээнд хэд хэдэн чиглэлээр буцалтгүй тусламжийг хүлээн авах ажил үргэлжилж байна. Үүний зөвхөн нэг нь сургууль-байлдааны зориулалттай хоёр сөнөөгч онгоц байв. Эдгээр онгоц нь агаарын цэргийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх чадавхыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой. Өдгөө бидний өмнө сөнөөгч онгоцоороо нисэх, цаашлаад өөрсдөө засвар, үйлчилгээгээ хийж сурах ажил хүлээгдэж байна. Инженер, техникийн бүрэлдэхүүн, нисгэгчдээ энэ чиглэлийн сургалтад хамруулах хүсэлтэй байгаагаа ОХУ-ын талд илэрхийлсэн. Удахгүй нааштай шийдвэр ирнэ гэдэгт итгэж байна.
Нөгөө талаас инженер, техникийн өндөр мэдлэгтэй залуус маань нэгдээд инновац шингэсэн бүтээл гаргах болсон нь тун сайшаалтай. Тухайлбал, агаарын бүсийн мэдээллийг хүлээж авах, боловсруулах ажиллагааг автоматжуулах чиглэлээр орчин үеийн программ хангамж бүтээж байх жишээтэй. Туршилтаар баталгаажсан бүтээл. Хэдийгээр хөрөнгө шаардаж байгаа ч явцын дунд үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шаардлага бий гэж харж байгаа.
-Цаашид хамтын ажиллагаа тогтоох, өргөжүүлэх ямар орнууд байгаа вэ?
-БХЯ, ЗХЖШ-ын нэг цонхны бодлогоор явах ёстой. Түүнээс биш энэ улсын тэр байгууллагатай хамтарч ажиллана гээд төлөвлөгөө, хөтөлбөр гаргаад байх боломжгүй. БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд гадаад хамтын ажиллагааны уулзалтуудаар “Агаарын цэргийг хөгжүүлэх” тухай байнга шахам ярьж, санал солилцож байгаа нь бидний хувьд том амжилт юм.
-Харьяа анги, салбарынхаа алба хаагчдын нийгмийн хамгааллыг дээшлүүлэх чиглэлийн тухайд ...
-2019 онд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагын дэмжлэгтэйгээр хоёр тусгай салбарт тус бүр найман айлын албан тушаалын байр барилаа. 2018 оноос эхэлсэн ажил л даа. Үүн дээр нэмэгдээд өөр нэг тусгай салбарын найман айлын албан тушаалын орон сууц бэлэн болж байна. Нэг салбарын найман өрхийн цаана тэдний гэр бүл, үр хүүхдүүд ая тухтай орчинд амьдрах орчин бүрдэж байгаа нь хамгийн чухал. Эсгий гэр түрээслээд амьдарч байсан үетэй харьцуулахад том амжилт шүү. Энэ бол тэнд алба хааж байгаа офицер, ахлагч нарын тогтвор суурьшилтай, сэтгэл санаа тайван ажиллахад том хөшүүрэг болох нь ойлгомжтой. Үүнээс гадна байлдааны жижүүрлэлтийн бүрэлдэхүүний нэмэгдлийн асуудлыг ЗХЖШ-ын даргын зөвлөл, Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн хуралдаанаар оруулан шийдүүлэхээр ажиллаж байна. Үргэлжлүүлээд Засгийн газрын хуралдаанаар оруулна. Хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдын маань нэмэгдлийг шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа. Хоёрдугаарт, алслагдсан анги, салбарт алба хааж байгаа бүрэлдэхүүнд хүнсний хангалт өгдөг. Хүнсний эл хангалт энэ жилээс тодорхой хэмжээгээр нэмэгдсэнийг хэлэхэд таатай байна. Гуравдугаарт, хуулийн дагуу алслагдмал анги, салбарт алба хааж байгаа офицер, ахлагч нарын сургуулийн насны нэг хүүхдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр улиралд нэг удаа мөнгөн тусламжийг үзүүлэх ёстой. Үүнийг тасралтгүй олгож байна. Энэ нь алба хаагчдад маань маш том түлхэц шүү. Мөн алслагдмал анги, салбарт таван жил ажилласны урамшуулал гэж бас бий. Энэ нь мэтчилэн эх орныхоо дөрвөн зүг, найман зовхист эх орноо батлан хамгаалж буй бүрэлдэхүүнээ дэмжээд ирэхээр тэнд очиж үүрэг гүйцэтгэх сонирхолтой цэргийнхний тоо нэмэгдэж байна. Ер нь байр, орон сууц нь байвал залуус орон нутагт ажиллах хүсэл тэмүүлэлтэй болсон нь ажиглагддаг.
-Цаашид албан тушаалын байр нэмэгдэх үү?
-Бидэнд бодож төлөвлөсөн зүйл бий.
-2020 онд Агаарын цэргийн командлалаас ямар зорилт дэвшүүлэн ажиллаж байна вэ?
-Хэд, хэдэн зорилт тавилаа. Нэгдүгээрт, улс орны эдийн засаг хүнд байгаатай холбогдуулан томоохон хөрөнгө шаардахгүйгээр цэргийн сургалт бэлтгэлээ тасралтгүй явуулна. Өнгөрсөн жилүүдэд тактикийн нэгдсэн сургуулиудыг явуулаад сурчихлаа. Шинэлэг ажиллагаануудыг орчин үеийн шаардлагад нийцсэн байдлаар туршсан нь том ололт байв. Хоёрдугаарт, штабын бэлтгэлжилт, тактикийн сургууль, засвар, үйлчилгээ явуулахтай холбоотой сургалтуудыг тасралтгүй явуулна. Гуравдугаарт, бүтэц, орон тооны өөрчлөлтэй холбогдуулан хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах болон бусад үүрэг гүйцэтгэлтэй холбоотой төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулах гээд төлөвлөсөн олон ажил бидний өмнө бий. Энэхүү зорилтуудаа бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө манай командлалынхан дарга, цэрэггүй цөмөөрөө зүтгэнэ дээ.
Эх сурвалж "Соёмбо" сонин, дэслэгч Д.Болормаа