Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн түүхэнд БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч 1, Монгол Улсын Гавьяат нисгэгч 7, Гавьяат техникч 1 тус тус төрөн гарсан билээ. Ангийн хамт олны бахархал болсон эдгээр алдартнуудын нэг Монгол Улсын Гавьяат техникч, бэлтгэл дэд хурандаа Чимэддоржийн Цэрэндорж гуайтай уулзаж ярилцлаа.

Таны амар амгаланг айлтган мэндчилье. Нисэхтэй холбогдсон түүхээс тань ярилцлагаа эхлэх үү?
-Амрыг эрье. Би 1966 онд Ардын армийн 109 дүгээр ангийг анх тулгаа тулж байх үеэс моторчноор ажиллаж байсан. Улмаар 1968 онд би Краснодар хотын Цэргийн нисэхийн дунд сургуулийн нисгэгчийн ангид шалгалт өгсөн боловч эрүүл мэндийн үзлэгт тэнцээгүй. Харин техникчийн ангид нь тэнцэж тэрхүү нэр хүндтэй сургуульд суралцах боломж олдсон. 1970 онд сургуулиа амжилттай төгсөж ирээд 1999 он хүртэл энэ ангидаа ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан даа.

Гэр бүлийнхээ талаар товч танилцуулбал?
-Би сайхан ханьтайгаа 1971 онд нисэхэд танилцаж байлаа. Дараа жил нь бид хоёр гэр бүл болж анхны хүүхдээ өлгийдөн авсан. Хоёр сайхан охинтой, ам бүл 4-үүлээ өнөр өтгөн аз жаргалтай, сайхан амьдарч байна. Охид маань айлын бэр болцгоож үр хүүхдүүдтэйгээ амьдарч байна. Манай хүргэн хүүхдүүд бүгд нисэхэд ажилладаг. Манайх “нисэхийн айл” гэдгээр овоглож явдаг даа. Нисэх бол их өндөр босготой, хүний амьдрал ахуй, бүх юм сайхан явдаг өгөөжтэй газар шүү.
Таны мэргэжлийн бахархал?
-Уг нь нисгэгч больё гэж бодож зорьж явсан. Манай ах Рэгцэнгийн Ренчин гэж маш сайн нисгэгч байсан. Ахынхаа мэргэжлийг эзэмших гэтэл эрүүл мэндээр тэнцээгүй. Тэгээд техникч мэргэжил эзэмшээд, нисдэг тэрэг, онгоцон дээр ажиллаж ер нь техникийн талын бүх юмыг эзэмшиж ажилласан. Улмаар техникийн мэдлэг, чадвар маань үргэлж өсөж ялангуяа нислэгт явах гэж байгаа нисдэг тэрэг, онгоцонд үзлэг хийж нислэгийн өмнөх бэлтгэлийг сайн хийж байсан. Ер нь нисэхийн инженер техникийн бүрэлдэхүүн, инженер гэсэн мэргэжил эзэмшсэн хүн бүр ер нь бүх юмыг оролддог, засдаг, үйлчилгээ үзүүлэх чадвартай байдаг. Тэгээд ч машин, техник, онгоц, нисдэг тэрэг бүхий л техникүүд нэгдсэн нэг онол, технологиор бүтээгдсэн байдаг учир хөрвөх боломжтой сайхан мэргэжил гэж бодож явдаг даа.

Та мэргэжлээрээ хэдэн жил ажиллав?
-Би тэр үеийн нэршлээр Монголын Ардын Армийн нисэх хүчинд 1966 онд ороод 1999 он хүртэл нийтдээ 33 жил одоогийн Зэвсэгт хүчний 303 дугаар ангид ажилласан. Улмаар 1999 онд гавьяаныхаа амралтанд гараад агаарын тээврийн “Синтраль Монголия Эйрвэсс” компанид 2018 он хүртэл ажиллажээ. Ингээд бодохоор Монголын нисэх хүчинд нийтдээ 52 жил хүчин зүтгэсэн байна.
Сэтгэлд хоногшсон дурсамжаас хуваалцана уу?
-Нисэх экипажид борт механикч гэсэн албан тушаалд томилогдон МИ-8 нисдэг тэрэг, МИ-8МТВ-1, АН-24 нисдэг тэрэг, онгоцуудад нисэж байсан. Нислэгт явахад борт механикчийн үүрэг онцгой их. Тодруулбал, бүх эд ангийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангаж, хянаж явдаг. Нислэгийн үеэр тохиолдсон хүнд хэцүү зүйлүүд бий л дээ. Энэ бүхнийг ярихад их урт хугацаа шаардагдах байх. Түрүү үеийн МИ-8 нисдэг тэрэгт локатор байхгүй, үүлэнд орчих юм бол цахилгаан, аадар бороо, уул бүх юмыг харах нүдгүй л болно гэсэн үг. Энэ үед нисгэгчид маань маш өндөр ур чадвар, мэдрэмж гаргаж маш тооцоотой нисдэг.

Ажиллах хугацаандаа гарын шавиа бэлтгэсэн байж таарна?
-Намайг 1972 онд МИ-8 нисдэг тэрэгний борт механикч болсноос хойш нисдэг тэрэгний мэргэжилтэй боловсон хүчнийг хуучнаар ЗХУ-д бэлтгэдэг байлаа. Тэр үед Монголын Ардын Арми нилээд олон нисдэг тэрэгтэй болсон тул мэргэжилтэй боловсон хүчин дутагдалтай болж эхэлсэн. Ингээд 1982 онд Гавьяат нисгэгч Пүрэвсүрэнтэй хамтран МИ-8 нисдэг тэрэгний нисгэгч, техникчдийг дотооддоо бэлтгэх курс зохион байгуулах тухай санал тавьсан. БХЯ энэ саналыг маань зөвшөөрч, 1982 онд анх АН-2 онгоцны нисгэгчдийг авч бэлтгэв. Техникчийг цэргийн албанаас болон хугацаат цэргийн алба хаагчдаас сонгон авч сургасан. Анх удаа 17 хүнийг нисгэгч, техникчдийн дотоодын курсээр бэлтгэлээ. Тэр үед 3 сарын хугацаатай бэлтгэж гаргасан. Түүний дараа 1982 онд бэлтгэж, 1984 онд дахин курс хийж нийтдээ 30 гаруй хүнийг төгсгөлөө. Анхны бэлтгэсэн шавь нар маань бүгд одоо гавьяаныхаа амралтанд гарчээ. Одоо ажиллаж байгаа миний гарын шавь гэвэл хэдхэн л хүн байгаа байх.
Залуу, хойч үеийнхэндээ хандаж юу хэлэх вэ?
-Ер нь инженерийн мэргэжлийг эзэмшсэн хүн тэрүүгээрээ дагнан ажиллаж мэргэжлийнхээ ур чадварыг үргэлж дээшлүүлэн, ямарваа нэгэн гэнэтийн аюул болоход яаралгүй, тэвдэлгүй, овсгоотой, ур чадвар, авхаалж самбаатай ажиллаж аюулаас нөхрийгөө авч гарч байх хэрэгтэй юм шүү. Хүн аливаа юмыг байнга үзэж судлаад байвал хүний оюун ухаан, сэтгэн бодох чадвар маш их дээшилдэг. Ялангуяа инженер техникийн бүрэлдэхүүн актлагдсан эд ангиудыг задалж үзэж, сэтгэн бодох чадвар, ур чадвараа дээшлүүлэх талд анхаарч байвал зохино. Миний хувьд машин техник, онгоц, нисдэг тэрэгний эд ангиудыг оролдох, задалж үзэх дуртай. Ингэснээр хүний оюун ухаан хөгжиж байдаг. Үүнд залуучууд маань суралцах хэрэгтэй. Мөн хүний үгийг сайн сонсож байх хэрэгтэй. Юу ч мэдэхгүй хүн байсан ч гэсэн ямар нэгэн юмыг мэдэж л байгаа. Тэрний үгийг сонсож өөртөө тусгаж байвал сайн даа.
Энэ жил БХЯ-ны 110 жил, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Та Зэвсэгт хүчний нийт бүрэлдэхүүн, ахмад дайчиддаа мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Хамтран зүтгэж явсан ахмадууд, бидний халааг нэр төртэй үргэлжлүүлж буй бүрэлдэхүүндээ БХЯ-ны 110 жил, Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойн баярын галтай цогтой халуун мэндийг хүргэе. Та бүхнийг минь Бүх цэргийн их Хар сүлд үеийн үед мөнхөд ивээж явах болтугай гэж ерөөе дөө.
Баярлалаа. Танд ч бас эдгээр их ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Ахлах дэслэгч Г.Билгүүтэй