
Өөрийнхөө талаар уншигчидтай хуваалцахгүй юу?
-Намайг Гүнгэржав овогтой Батбаяр гэдэг Налайх дүүрэгт 1974 онд төрсөн. 1982-1992 онд Налайх дүүргийн 1 дүгээр 10 жилийг төгсөөд 1993 онд Зэвсэгт хүчний 030 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Халагдаж ирээд байтал аав маань надад “Зэвсэгт хүчний 137 дугаар ангид цэргийн алба хаасан хүнийг гэрээт харуулчнаар ажилд авна гэж байна” гэдэг юм. Би ч аавыгаа дагаад тэр үед ангийн захирагч байсан хурандаа О.Ёндонжамцтай уулзаж ажлынхаа анхны гарааг эхэлж байлаа.
Гэрээт харуулчнаар ажлын гараагаа эхлээд хэдэн онд цэргийн албан хаагч болсон бэ?
-1997 онд Ахлагч бэлтгэх анхан шатны сургалтад хамрагдаад мөн оны 5 дугаар сарын 1-нд Аэродром техник хангалтын ротын засварчин ахлагч болсон. Ингэж л анх мөрдэс нэгт нөхдийн эгнээнд орж байлаа. Одоо бодоход саяхан мэт санагдаж байна. 3эвсэгт хүчний 337 дугаар ангийн аэродром техник хангалтын ротын засварчин ахлагчаар 2000 оноос одоог хүртэл ажиллаж байна даа.
Цэргийн алба хаагчийн бахархал, дурсамжаас сонирхуулаач?
-Цэргийн алба хаагчийн хувьд Зэвсэгт хүчний ангиудын дунд явагддаг “Марш тактикийн аварга шалгаруулах тэмцээнд”-нд тасралтгүй 4 жил оролцсон. Мөн “Монгол цэргийн өдөр”-т зориулан уламжлал болгон зохиогддог Налайх гарнизоны аварга салаа шалгаруулах “Марш тактикийн тэмцээн”-д олон жил тасраад байсан алтан медалийг ангидаа нөхдийнхөө хамт авчирсан нь миний хамгийн сайхан дурсамжуудын нэг. Мөн Сьерро-Леон Улсад НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагааны 6 дугаар ээлжийн цэргийн багт үүрэг гүйцэтгэсэн минь одоо бодоход бахархалтай сайхан дурсамж минь юм.
Таныг хамт олон тань гарын ур дүйтэйгээр чинь анддаггүй анги байгууллагадаа хийж бүтээсэн томоохон ажлаасаа танилцуулбал?
-Ангийг “Хүний хөгжлийн орчин болгон тохижуулах” бүтээлч ажлын хүрээнд шинээр биеийн тамирын заал, соёлын төвийн 20м2 талбайн ханыг битүүлэх, 1600 ширхэг үнсэн блокийг хэвлэн цутгах, 2006, 2007 онд “Хааны эрэлд” энхийг сахиулах олон улсын ажиллагаанд амжилттай сайн оролцож, Зэвсэгт хүчний командлалаас удаа дараа сайшаагдсан.
2008 онд үндсэн аэродромын бэлэн байдал, нислэгийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд “Бүтээлч ажил-37” болзолт уралдаанд амжилттай оролцон 6 км ногоон төмөр хашааг барих, 2009 онд “Бүтээлч ажил-337” болзолт уралдааны хүрээнд усан оргилуур, штабын хайс, “Шонхрууд нисэж байна” дуу болон БНМАУ-ын баатар, гарамгай нисгэгч Ч.Шагдарсүрэнгийн дурсгалын хөшөө, жагсаалын талбайн индэр зэргийг хийж, ангийн тохижилт соёлжилт, бие бүрэлдэхүүний ажиллах амьдрах таатай орчинг бүрдүүлэх ажлыг хийж гүйцэтгэжээ. Сүүлийн ажлуудаас гэвэл анги үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ойг угтан хийсэн бүтээлч ажлын хүрээнд ангийн соёлын төвийг засварлах ажилд оролцсоны дээр газар доорх хорооны командын байр засварлах ажилд оролцсон гэх мэт ажил үүргийг гүйцэтгээд байна даа.
Бидний урилгыг хүлээн авч сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Таны гэр бүл, ажил албад нь өндөр амжилт хүсэн ерөөе.
-Баярлалаа. Та бүхний ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэж, нийт ангийн хамт олондоо Зэвсэгт хүчний 337 дугаар анги үүсэн байгуулагдсаны түүхт 50 жил, нийт Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе!
Ахлах дэслэгч Д.Эрдэнэсувд