• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН ГАВЬЯАТ ҮЙЛСТЭН
Нийтэлсэн: 2021-04-18 15:31:04
Үзсэн: 158

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ АГААРЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН ГАВЬЯАТ ҮЙЛСТЭН
Нийтэлсэн: 2021-04-18 15:31:04 Үзсэн: 158



     Зөвлөлт, Хятадын сөргөлдөөнд байдал өнгөрсөн зууны 60-аад оноос даамжирч манай нутаг дэвсгэрийн баруун, зүүн хязгаарын орчинд зэвсэгт мөргөлдөөнд хүртлээ ширүүсч эхэлсэн нь Монгол орны аюулгүй байдалд сөргөөр нөлөөл, манай улс Зөвлөлтийн талын баримтлах бодлогоор батлан хамгаалах шинэлэг тогтолцоо бүрдүүлэх, цэрэг армиа өргөтгөн зохион байгуулахад хүрсэн нь түүхэн үнэн юм. Энэ зорилгоор тэр үеийн нам, төрийн удирдлага 1960-аад оны эхэн үеэс Монголын Ардын Армийг /МАА-г/ өргөтгөн, шинэ анги салбаруудыг зохион байгуулах, шинэ зэвсэг техник, боловсон хүчнээр хангахад чиглэсэн дэс дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлсэн юм.

     Энэ ажлын хүрээнд зенитийн пуужин, радиолокацийн техникийн анхны анги, салбарууд байгуулагдсан нь өнөөгийн ЗХ-ний төрлийн цэрэг болох Улсын агаарын довтолгооны цэргийн үндэс болж өгсөн байна. БНМАУ-ын АЦХЭЯ-ны сайд бөгөөд Ардын армийн командлагч, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн тушаалаар 1964 оны 08 дугаар сард ААЕШ-ын Пуужин ба артиллерийн албаны харьяанд Агаараас эсэргүүцэн хамгаалах албыг Пуужингийн тусгай дивизион, Радиотехникийн тусгай батальонтойгоор байгуулсан түүхтэй. МАА-ийн бүтцэд нислэгийн нам, дунд, их өндөрт дуунаас хурдан нисэх боломжтой агаарын довтолгооны хэрэгсэл “аэростат, онгоц, далавчит пуужин”-г алсын зайнд илрүүлэн хяналтанд авч харьяаллыг тодорхойлон, цэрэгт мэдээлэх, газар-агаар ангиллын пуужинт анги өөрийн сөнөөх бүсэд агаарын дайсныг дарах боломж бүхий анхны анги салбарууд байгуулагдсан нь улсын АДХ цэрэг үүсэх үндсийг тавьжээ. МАА-д цоо шинэ төрлийн цэрэг байгуулах үйлсэд хүчин зүтгэж явсан олон зуун офицер, ахлагч, цэрэг, түрүүч, бүрэлдэхүүний дундаас зенитийн пуужингийн анхны ангийн дарга, УАДХЦ-ийн дарга, олон жил ЗХ-ийг тэргүүлсэн дэслэгч генерал Ч.Пүрэвдорж бол улсын АДХ цэргийн тулгийн чулууг тавилцаж, энэ төрлийн цэргийг хөл дээр нь босгож бэхжүүлэхэд хүндтэй гавьяа байгуулсан цэргийн жанжин юм.

     НЭГ. Улсын агаарын довтолгооноос хамгаалах цэргийн тулгын чулууг тавилцсан нь

     Залуухан офицер Ч.Пүрэвдорж 1958-1962 онд Ленин-градын их бууны цэргийн академид Монголоос ердөө ганцаархнаа суралцаж төгсжээ. Академид суралцаж байхад нь армид бэлтгэлээс ирсэн хурандаа А.Шуувай академийн дээд курст суралцахаар очиж, хожим нь энэ туршлагатай даргын хамтаар МАА-ийн түүхэнд шинэ төрлийн цэргийг байгуулалцах их үйлсэд хүчин зүтгэх хувь тохиол залуухан ахмад Ч.Пүрэвдоржид оногдсон байдаг.

     1962-1964 онд ААЕШ-ын байлдааны бэлтгэл хэлтэст зенитийн хэрэг эрхэлсэн туслахаар ажиллаж байсан ахмад Ч.Пүрэвдоржид армийн командлал шинээр байгуулагдах АДХ цэргийн анги салбаруудын үүрэг зориулалт, бүтэц зохион байгуулалт, байршил, сургалт бэлтгэл, зэвсэг техник, хангалтын асуудлаар үндэслэлтэй санал боловсруулах үүргийг даалгаж байсан бөгөөд артиллери, зенитийн мэргэжлээр шинэ тутам академи төгсөөд байсан мэргэжилтний хувьд командлалын үүрэг даалгаврыг тухай бүр амжилттай гүйцэтгэж байжээ.

     Цэргийн хэргийн өндөр мэдлэг, ажил албыг эрхлэн явуулах ур чадвар, даалгасан үүргийг яв цав гүйцэтгэх бүтээлч чанар нь 30 насны босгыг дөнгөж алхаж байсан залуухан дарга Ч.Пүрэвдоржийг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн зенитийн пуужингийн анхны тусгай ангийг командлахад хүргэсэн байна. 1964 оны 08 дугаар сард АЦХЭЯ-ны сайдын тушаалаар зенитийн пуужингийн тусгай дивизионы даргаар томилогдсон хошууч Ч.Пүрэвдоржийн хувьд хийх ажил шил шилээ даран ундарч байлаа. 1964 оны 08 дугаар сарын 13-ний нар хур тэгширсэн сайхан өдөр Улиастай дахь цэргийн хуаранг хүлээн авсан нь түүний хувьд анхны пуужинт анги, улмаар ЗХ-ний төрлийн цэрэг Улсын АДХ цэргийн галыг асаах их ажлын гараа болсон байна. Хожим нь Ч.Пүрэвдорж гуай ЦЭШХ-нд олон жил хамт ажилласан доктор, профессор Ш.Паламдорж хурандаад ийнхүү дурсан суусан гэдэг.Генерал өгүүлэхдээ “сайдын тушаалаар ангийн даргааг томилогдоод анги дээрээ ирлээ. Ангийн улс, төрийн орлогчоор томилолт авсан дэд хурандаа Ц.Чоймдон гуай ч товлосон ёсоор ирсэн байлаа. Анги гэж нээх том хашаанаас өөр юмгүй шахам газар байлаа. Хоёул хураалгаастай түлээний модон дээр суугаад хэрхэх тухай яриа өрнүүлж байж билээ” хэмээн хүүрнэсэн байдаг. Үнэхээр ажлыг тэгээс эхэлнэ гэдэг энэ байсан байх. Тэр үед зенитийн пуужинт ангийг байрлуулах үндсэн байрлал сонгогдоогүй, техникийн шаардлага хангахуйц тусгайлсан байр, төхөөрөмж хараахан бэлэн болоогүй байсан тул тус ангийг Улиастайд түр байрлуулахаар армийн командлал шийдвэрлээд байсан цаг байжээ.

      Ангийн ажил амьдралыг түр боловч хугацаанд эрхлэн явуулах байрлалыг хүлээж авснаас хойш ердөө хоёрхон хоногийн дараа буюу 08 дугаар сарын 16-нд барилгын цэргийн 8 дугаар батальоноос анхны цэргүүдээ хүлээж авчээ. Онцгой чухал зориулалтын ангийн бие бүрэлдэхүүнийг бүрдүүлэхэд армийн командлал ихээхэн хүч анхаарал тавьж байсны нэг илрэл нь дайчдыг сонгохдоо Монголын ард түмэн, үндэстэн ястнуудын эв нэгдэл, хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл болгож ертөнцийн 4 зүг, 8 зовхисыг багтааж нийслэл хот, 8 аймаг, нийт 9 газраас сурлага, сахилгаар тэргүүний 9 цэргийг сонгон авч тус ангид илгээсэн нь ангийн даргад их урам зориг өгч байжээ. Анхны дайчдаа хүлээн авснаас хойш 3 хоногийн дараа 08 дугаар сарын 19-нд офицерын сургуулийн курс төгссөн мөн л 9 сайхан ханагар эрсийг ангийн дарга хүлээн авсан нь түүний тулж ажиллах офицеруудын анхны ээлж байлаа. Удирдсан ангийнхаа хэмжээнд төдийгүй шинэ тутам байгуулагдаж буй УАДХ цэргийн хэмжээнд тухайн үедээ академи дүүргэсэн ганц офицер байсны хувьд Ч.Пүрэвдорж дарга өөрийн ангиар зогсохгүй цэргийн өмнө зогсож байгаа бүхий л арга хэмжээнд мэргэжлийн туслалцаа үзүүлэхийг цаг үе түүнээс шаардаж байсан юм.

     Ажил мэргэжилдээ өсч өндийх, удирдсан ангиа армийн тэргүүний хамт олон болгох үйлсэд түүний орлогчоор ажиллаж байсан штабын дарга Б.Цэрэн, Г.Намзайхүү, улс төрийн орлогч Ц.Чоймдон, А.Түмэн-Өлзий, ерөнхий инженер М.Алтансүх, техникийн орлогч Ц.Молом, Ц.Цэгмид, ар талын орлогч Б.Даваадаш, Ж.Өлзийхутаг болон бүх зэрэг, тушаалын офицеруудын дэмжлэг, хичээл зүтгэл их байсныг тэрээр дурсан ярих дуртай байсан юм. Ялангуяа харьцангуй өөрөөс нь ахимаг насны ажил албаны арвин туршлагатай, цэргийн цолоор ч зэрэг дээгүүр байсан Ц.Чоймдон, А.Түмэн-Өлзий, Г.Намзайхүү нараас ихийг сурч мэдсэнээрээ Ч.Пүрэвдорж зенитийн пуужингийн ангийн байлдааны ажиллагааг удирдах, пуужин чиглүүлэх станц, харвах тонох төхөөрөмж, пуужинг бэлтгэх технологийн урсгалын талбай, техник хэрэгслийн ажиллагааг өөрийн биеэр судалж мэдэх, бие бүрэлдэхүүнд зааж сургах, салбар салаа, тасаг тоотын ажиллагааг жигдрүүлэхэд хүч, авьяасаа дайлан ажиллаж, Монгол цэрэг богино хугацаанд пуужинт техникийг чадварлаг эзэмшиж болохыг анх удаа амьдрал дээр харуулж чадсан дарга юм. Шинэ зэвсэг техникийг эзэмшихэд Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн оролцоо, дэмжлэг их байсан нь мэдээж. Тэрээр ангийн даргын үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ анхны томилолт авсан офицер, цэргүүдийн багш сургагч, олонх тохиолдолд мэргэжлийн орчуулагч хийх зэргээр цаг наргүй ажиллаж байсныг түүнтэй мөр зэрэгцэн зүтгэж явсан хууччуул дурсан ярьдаг юм.

     1965 оны 05 дугаар сард явагдсан АЦХЭЯ-ны сайдын шалгалтад хошууч Ч.Пүрэвдоржийн удирдсан ангийн офицер цэргүүд толгой дараалан шахам онц сайн шалгагдсан байна. Энэ үе нь пуужин офицер Пүрэвдоржийн хувьд өнгөрсөн 9 сарын хугацаанд энгийн болон бусад анги байгууллагаас томилогдон ирсэн офицеруудыг МАА-ийн түүхэнд анхны пуужинчид болгон бэлтгэх эхний даваагаа амжилттай давсан тэмдэглэлт өдрүүд байжээ. Чухам хэнийг хэн болгон бэлтгэж байсныг тус ангид анхны томилолтоо авсан офицеруудын нэг Ч.Чимэдбалжир агсны дурсамжаас харж болно. Тэрээр өгүүлэхдээ “хүний ажил мэргэжил, амьдралын зам санаснаар болох биш дээ. Хугацаат цэргийн алба хааж байгаад барилгын цэргийн офицер бэлтгэх сургуульд ордог юм. Барилгын хүнд механизмын мэргэжлээр ажиллана гэж бодож байлаа. Сургууль төгсөнгүүт Сайнбилэг, Баатар, Ренчин нарын зэрэг бидний 10-аад хүнийг машинд суулгаж Улиастайн цэргийн анги руу аваад явлаа. Курсийн дарга байсан ахлах дэслэгч С.Улаанаас биднийг ямар ангид хуваарилж байгаа юм бэ? гэж асуутал тэрээр та биднийг санаснаар нь юу гэж ажиллуулах билээ дээ. Төр тушаалаараа томилж ажиллуулна шүү дээ, та нар их азтай залуус юм. Шинээр байгуулагдаж байгаа пуужингийн ангид хуваарилагдлаа гэх нь тэр. Дэд хурандаа цааш нь сэтгэгдлээ хуваалцахдаа: очиж  очиж баяраар харвадаг пуужингийн ангид хуваарилагддаг байжээ хөөрхий гэсэн юм бодож сэтгэл баахан гундуухан явж билээ. Гэтэл пуужин гэж томоо гэгчийн ногоон торхтой юмыг кранаар ачиж буулган ангийн байрлал руу зөөнө. АТС гэж танк шиг том гинжтэй том төмөр машин, тээвэрлэн цэнэглэх машин ТЗМ гэж ард нь нүхлээд зоочихсон юм шиг чиргүүлтэй машин гээд л урьд өмнө нь үзэж харж байгаагүй янз бүрийн машин техникийг ангийн хашаанд паркалж байлаа. Нэг учир нь олдохгүй эдийг харвах суурь гэнэ. Дээгүүрээ нарийн төмөр замтай 4 урт суурь, ардаа 5 ханатын тоонон чинээ дугуй тавагтай, тэр нь амьтны сээр нуруу шиг гөвөлжсөн төмрөөр холбогдсон, их буу адил сумлах боломжгүй сонин эдийг бид сонирхон гайхацгааж байлаа. Бие биеэсээ нэрэлхээд юу ч дуугарахгүй байдлыг  ажиглацгааж зогслоо. Пуужин техник гэдэг чинь анх юм үзээгүй, нүд тайлаагүй бидэнд хөгийн золиг байсан даа” гэж байж билээ. Ийм л мэдлэгтэй хүмүүсийг богинохон хугацаанд сургаж дадлагажуулж чадсан нь залуу даргын гавьяа байсан юм.

     ХОЁР. Зенитийн пуужингийн харвалттай анхны хээрийн сургуулийг удирдсан нь:

     1964-1965 оны сургуулийн жилийн өвлийн улиралд юу сурч мэдсэнээ танхимд биш дивизионы байнгын байрлалаас марш үйлдэн, товлосон заагт галт байр эзлэн пуужингийн харвалттай тактикийн хээрийн сургууль /ТХС/ явуулах тухай командлалын тушаалыг хэрхэн гүйцэтгэхээ шалгуулах цаг үе тулсан байлаа.АЦХЭЯ-ны артиллери-зенитийн командлагч, хурандаа А.Шуувайгийн удирдлага дор ангийг дарга, хошууч Ч.Пүрэвдорж, штабын дарга Г.Намзайхүү, мэргэжилтэн А.Г Некрасов зэрэг хүмүүсийн хамтаар Төв аймгийн Өнжүүл сумын нутаг Зоргол хайрхны зүүн хойд талд галт байр сонгожээ. Энэ талаар уг туршуулд оролцогчийн нэг, ангийн эвлэлийн хорооны дарга явсан хурандаа Д.Эрдэнэдаш дурсахдаа “ангийн дарга, зөвлөх мэргэжилтэн хоёр байрлал сонгох талаар нэлээд ярилцаж, сүүлдээ маргаж эхлэв. Орос хурандаа бидний байрлалаас холгүй нэгэн толгойд галт байрлалыг сонгоё гэхэд манай дарга Зоргол хайрхнаас нэлээд зайтай “тригонометрийн” тэмдэг бүхий нэгэн өндөрлөгийг сонгоно гэж байгаа бололтой. Маргаан ширүүсэх аястай болж ирснээ гэнэт машиндаа сууцгааж даргын сонгосон газар руу явлаа. Тэнд очсон хойноо дарга маань газрыг сонгож байгаа үндэслэлээ л тайлбарлаж байгаа бололтой ойр орчмын газар орон, зам харгуй, худаг ус гээд их л юм ярих шиг боллоо. Тэгтэл нөгөө хурандаа даргыг тэвэрч аваад дал мөрөн дээр нь алгадаж “ты прав гэж билээ” гэсэн байдаг. Үүнээс харахад генерал маань бүр залуугаасаа аливаа юманд ухаалаг, тунгаан бодох сэтгэлгээ сайтай хүн байжээ. Тэр үед захын нэг монгол залуу офицер зөвлөлтийн туршлагатай хурандаатай маргаж, өөрийнхөөрөө асуудлыг шийднэ гэдэг ухаантай, чадвартай хүний л хийж зүрхлэх ажил байсан байх.

     Зенитийн пуужингийн буудлагын түр талбай дээрээс байлдааны ба үзүүлэх буудлага хийх тухай АЦХЭЯ-ны сайд бөгөөд Ардын армийн командлагч, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн 1965 оны 09 дүгээр сарын 2-ны “маш нууц” 229 тоот тушаалд... нийт бүрэлдэхүүний онол, агаарын дайсныг устгах дадлага, чадварыг шалгаж, ангийг байлдааны жижүүрлэлтэд гаргах бэлтгэлийг хангах зорилгоор зенитийн пуужингийн байлдааны харвалтыг 1965 оны 09 дүгээр сарын 09-нд явуулахыг ангийн дарга, хошууч Ч.Пүрэвдоржид даалгасан байна.

     1965 оны 09 дүгээр сарын 09-ний өглөөний 9 цагт армийн командлалын захиалгаар Зөвлөлтийн Чита хот дахь цэргийн Нисэх Хүчний онгоц агаарын целийг дуурайлган үзүүлэх нислэг хийхэд дэд хурандаа Б.Лувсандорж даргатай РТБ-ны ротууд целийг илрүүлэн галын дивизионд целийн мэдээг тухай бүр дамжуулахад дивизионы тагнуул, цель заалтын станцын тоот буудагчийг мэдээгээр шуурхай хангаж, буудагч хошууч Ч.Пүрэвдорж целийг сөнөөх тушаал өгч, чиглүүлэх офицер Ч.Лагнайдорж харвах товчлуурыг дарж, гар дагаврын операторууд мадаггүй ажилласнаар ангийн байлдааны тоот дайсны онгоц байг анхны пуужингаар сөнөөж, анги үүргээ “Онц” дүнтэй гүйцэтгэсэн байдаг. Энэхүү харвалтад армийн командлал ихээхэн ач холбогдол өгч Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, төрийн удирдлагын хүмүүс, яамдын сайд дарга нар оролцож, үзэж сонирхож байжээ.

     1965 оны 06 дугаар сард зенитийн пуужинт ангийн байнгын байрлалыг сонгоход ангийн дарга, хошууч Ч.Пүрэвдорж мэргэжлийн гүнзгий мэдлэг чадвартайгаа харуулсан байдаг юм. Ангийн захирагчийн ахалсан ажлын хэсэг ангийн байрлалыг Мах комбинатын зүүн дэнж дэх нэргүй өндөрлөгт сонгосон байдаг. Галт байрлалыг сонгоход галын цогцолборын байлдааны боломжийг дүүрэн ашиглахад тохиромжтой цэгийг тогтоох шаардлага нэн чухал. Дөрвөн талаасаа өндөрлөг уулсаар хүрээлэгдсэн нийслэл хотыг агаарын довтолгооноос хамгаалахад галын нэг дивизион хангалтгүй гэдгийг ангийн дарга сайтар ойлгож байсан нь харагддаг. Иймээс ч тэр үедээ зэлүүд шахам байсан хотын баруун хойд чиглэлд бүх талаасаа хаалтын өнцөг харьцангуй бага байрлалыг сонгосноор Улиастай, Налайх, Нисэх, Сонгино, Туулын хөндий зэрэг чиглэлүүдэд нэмэгдэл хүч хэрэгсэл шаардлагатай болохыг дээд командлалд ойлгуулсан дүр зураг буудаг. Үнэхээр ч хэсэг хугацааны дараагаар дээрх чиглэлүүд болох Улиастайн ам Налайх, Төв аймгийн Хөшигтийн хөндий, Таван толгойн байрлалд Зөвлөлтийн пуужингийн дивизионууд үүрэг гүйцэтгэж эхэлсэн байдаг.

     ГУРАВ. Удирдсан хамт олон нь МАА-ийн тэргүүний ангийн алдрыг хүртсэн нь

     Хошууч Ч.Пүрэвдоржийн ангийн хамт олон 1965-1966, 1966-1967 оны сургуулийн жилүүдэд хоёр ч удаа байлдааны буудлагатай ТХС-ийг “Онц” дүнтэй гүйцэтгэсний дээр сургуулийн жилийн төгсгөлд явагдсан командлалын шалгалтаар МАА-ийн тэргүүний ангийн алдрыг жил дараалан хүртэж, армийн ангиудыг сурлага, бэлэн байдал, сахилгын үзүүлэлтээр манлайлах болсон нь ангийн даргын нөр их хөдөлмөртэй салшгүй холбоотой байсан юм.

     1966-1967 оны сургуулийн жилийн дүн ба 1967-1968 оны сургуулийн жилд тавих үүргийг тухай АЦХЭЯ-ны сайдын тушаалд дурдахдаа “Артиллерийн тусгай дивизионы дарга хошууч Ч.Пүрэвдорж, улс төрийн орлогч, дэд хурандаа А.Түмэн-Өлзийн, штабын дарга, хошууч Г.Нанзайхүү зэрэг тэргүүний хүмүүс олноор төрөн гарлаа” хэмээн тэмдэглэсэн нь түүний удирдсан анги, хамт олон байгуулагдсан цагаасаа эхлэн МАА-ийн бие бүрэлдэхүүнд үлгэр жишээ үзүүлж байсныг гэрчилж байгаа юм. 1968-1969 оны сургуулийн жилд ЗПТП урьд олсон амжилтаа улам бататган МАА-ийн тэргүүний ангийн алдрыг 3 дахь удаагаа хүртэж, БНМАУ-ын АИХ-ын депутат, ангийн дарга, хошууч Ч.Пүрэвдорж ЗХУ-ын ЗХЖШ-ын академид суралцах болсон юм.

     ДӨРӨВ. Улсын агаарын довтолгооноос хамгаалах цэргийг командалсан нь

     Хошууч Ч.Пүрэвдорж ЗХЖШ-ын академид онц суралцан Монголоос анх удаа “алтан медаль”-тай төгсөж ирсэн нь туйлын бахархалтай хэрэг байлаа. Зөвлөлтийн цэргийн дээд академид оператив-стратегийн өргөн мэдлэг эзэмшсэн түүнийг тулгын чулууг нь тулалцсан төрлөх цэргээ командлах хариуцлагатай үүрэг хүлээж байжээ. Тэрээр анги, салбаруудын бэлэн байдалд ихээхэн ач холбогдол өгч цэргийн зэвсэглэлд ДСУ маягийн шинэ пуужин П-18, РЛС, сургалтын дадлагын цогцолбор-АКОРД, пуужингийн автомат удирдлагын систем АСУРК зэрэг шинэ зэвсэглэл, техникийг нэвтрүүлсэн нь цэргийн бэлэн байдлыг өндөржүүлж чадсан юм.

     Зөвлөлтийн цэргийн полигонд явагдаж эхлээд байсан пуужингийн харвалтаар гүйцэтгэх үүргийг цагийн байдлын хүндрэлтэй нөхцөлд ойртуулж явуулахад цэргийн дарга, хурандаа Ч.Пүрэвдорж ихээхэн хүчин чармайлт гаргадаг байсныг дурдахад таатай байна. МАА-ийн зенитийн ангиуд идэвхтэй болон идэвхгүй саатуулга хэрэглэн курс, өндрөөр маневрлан дуунаас их хурдтайгаар нисэж байгаа агаарын дайсныг алсын дөхцөд илрүүлэн сөнөөх бэлтгэл эзэмшин, түүнээ пуужингийн харвалттай ТХС-ийн үед бодитоор баталж, анхны пуужингаар байг сөнөөж, Зөвлөлтийн дивизионуудыг нэг биш удаа ардаа орхидог байсан нь цэргийн дарга, хурандаагийн туршлага, удирдлагын арга барилтай нь ихээхэн холбоотой байсан.

     МАА-ийн Улсын АДХ- цэргийн тулгийн чулууг тулалцсан, Монголын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэг генерал Ч.Пүрэвдорж нь 1971-1974 онд төрөлх цэргийнхээ жолоог атгаж байсан үедээ ч, ЗХЖШ-ын даргын өндөр албан тушаалд томилогдон ажилласан 10 гаруй жилийн хугацаанд ч АДХ цэргийг ЗХ-ний үндсэн төрлийн цэрэг байлгахын төлөө ихийг бүтээсэн гавьяатай жанжин явсан юм.

Бэлтгэл хошууч генерал, доктор профессор Ч.Улаанхүү

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56013
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51985
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50105
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49104
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48936
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48646