
1941-1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ойг тохиолдуулан Бүх Оросын Цэрэг-эх оронч “Юнармия” хөдөлгөөний Буриадын салбарын санаачилгаар Монгол Улсын Ахмад дайчдын “Улаан одхон” сонины зөвлөл “Дэлхийн хоёрдугаар дайн, түүний сургамж” сэдэвт Эрдэм шинжилгээний цахим бага хурлыг 2021 оны 5 дугаар сарын 8-ны өдөр зохион байгууллаа.
Бага хурлыг Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор, профессор, хурандаа Б.Мөнхсайхан, ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын Засгийн газрын Шадар сайд В.Б.Цыбикжапов нар нээж, хүн төрөлхтнийг фашизмын боолчлолоос аварсан Эх орны дайны ялалт өнөөдөр ч ирээдүй, хойч үеийнхэнд сургамжтай, эх орноо хайрлах үзэл санааг түүчээлэх ач холбогдолтой үйл явдал хэвээр байгааг онцлон тэмдэглэв.
Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор, хошууч Т.Сүхбаатар “Монгол Ардын Хувьсгалт цэрэг Манжуурын стратегийн давших операцид”, ОХУ-ын Улаан Үд дэх боловсролын төвийн ажилтан, түүхийн ухааны доктор Д.Л.Доржиев Эх орны дайны фронтуудад Монгол дайчид хэрхэн тулалдсан тухай, доктор, дэд профессор Лха.Баяр “Монголын ард түмнээс Зөвлөлтийн Улаан армид үзүүлсэн тусламж”, Бүх Оросын Цэрэг-эх оронч “Юнармия” хөдөлгөөний Буриадын салбарын штабын дарга, дэд хурандаа В.В.Ефремов дайнд амь үрэгдсэн цэргүүдийг нэхэн тодруулах, дурсгалыг нь мөнхжүүлэх талаар хийгдэж ажлын талаар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

Монгол Улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн ерөнхий инженер, ахмад Э.Мөнх-Эрдэнэ “Монгол ард” нисэх эскадрилийн дайчин замналын түүхээр илтгэл тавьж сонордуулав. Тэрээр дайны жилүүдэд гвардын ахмад Н.П.Пушкин, ахлах дэслэгч Н.Я.Зеньковичийн удирдлагаар тус эскадрилийн нисгэгчид нийт 8474 байлдааны нислэг, 399 агаарын тулаан хийж, дайсны 327 онгоц, олон тооны амьд хүч, техникийг устгасан. “Монгол ард” эскадрилийн бүрэлдэхүүнд ЗХУ-ын баатар А.Н.Пушкин, А.И.Майоров, М.Е.Рябцев нар тулалдаж байсан талаар дурдсан юм.
Ахмад Э.Мөнх-Эрдэнэ тавьсан илтгэлдээ “Монгол ард” нисэх эскадриль нь дайны дараах жилүүдэд Герман, Унгар, Чехословак, Азербайджан, Украйн, Монгол зэрэг улсуудад шилжин байрлаж, 1945-2014 оны хооронд олон удаа бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон. Энэ хугацаанд тус нисэх эскадрилийн бүрэлдэхүүн Ла-7, Ла-9, МиГ-15, МиГ-17, МиГ-21ПФ, МиГ-21ПФМ, МиГ-21БИС, МиГ-23БМ (МиГ-27), Су-25 зэрэг онгоцнуудыг чадварлагаар эзэмшжээ. Монгол Улсад 1968-1990 онуудад “Монгол ард” хэмээх улаан бичигтэй МиГ-17, МиГ-21, МиГ-27К онгоцнуудаар нисэж байсан зэрэг олон сонирхолтой баримтыг хөндлөө.
Цахим бага хурлын завсарлагаанаар “Дэлхийн хоёрдугаар дайн”, “1945 оны Чөлөөлөх дайн”-ы сэдвээр бүтээсэн хоёр шинэ клипийг үзүүлсэн нь судлаачид, оролцогсдын сонирхлыг татлаа. Ийнхүү 1941-1945 оны Эх орны дайны ялалтын 76 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Эрдэм шинжилгээний хурал цэрэг-дайны түүхийн баримтыг судалгааны эргэлтэд оруулж, нийтийн хүртээл болгох, эрдэмтэн судлаачид тухайн сэдвээр өөр өөрсдийн санал бодлыг солилцсон үр өгөөжтэй арга хэмжээ болов.
Хурандаа Г.Нямдорж