Нисэх хүчний нийт генерал, офицер, ахлагч, албан хаагчид, ахмад буурлууд та бүхэндээ Монгол улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 96 жилийн ойн баярын мэндийг хүргэе!

Тэртээх 1925 оны 5-р сарын 25-ны өдөр Монголын хөх тэнгэрт Ю-13 онгоц дүүлэн ниссэнээр Нисэх хүчний түүх эхэлсэн. Эхний 30 жил 1925-1955 он бол агаарын нисэх хүчин үүсэн бий болсон, бүс нутгийн болон дэлхийн дайнд оролцож эх орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангахад Монголын нисэх хүчин онцгой чухал үүрэгтэйгээр оролцсон, шинэ онгоц техник зэвсгийг Монголын малчин залуус эзэмшсэн, Агаарын зоригт баатрууд олноороо мэндэлсэн түүх бидэнд бий.
Зэвсэгт хүчний Агаарын цэргийн бүрэлдэхүүн Монгол Улсын агаарын зайн аюулгүй байдалд хяналт тавих, онцгой болон тусгай үүргийн нислэг үйлдэх, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж орчин үеийн сургууль байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэгнүүдийг чадварлаг эзэмшиж үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Монгол улсын нисэх хүчнийг хөгжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан ахмадууд, одоо ажиллаж байгаа Цэргийн нисэхийн нийт бие бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчний түүхт 100 жил, Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 96 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж байна.
