
Зэвсэгт хүчний 353 дугаар анги төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Ч.Пүрэвдоржийн нэрэмжит боллоо.
Ёслолын ажиллагаанд Агаарын цэргийн командлагч, хошууч генерал О.Энхбаяр, Агаарын цэргийн командлалын захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Э.Баярсайхан, дэслэгч генерал Ц.Пүрэвдорж агсны зээ охин М.Мөнхцэцэг болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Агаарын цэргийн командлагч, хошууч генерал О.Энхбаяр “БНМАУ-ын БХЯ-ны I орлогч сайд, Ардын армийн Жанжин штабын дарга асан, дэслэгч генерал Ч.Пүрэвдорж нь Ардын армийн шинэ төрлийн цэрэг болох улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн тулгийн чулууг тавилцсан үндэслэгчдийн нэг билээ. 1964 онд Монгол Улсад агаарын довтолгооноос хамгаалах цэргийн анхны зенитийн пуужингийн дивизион байгуулагдахад захирагчаар нь Ч.Пүрэвдорж томилогдон ажилласан нь одоогийн Зэвсэгт хүчний 353 дугаар анги юм. Тэрбээр Агаарын цэргийн үндэс суурийг тавилцаж, хөгжил, цэцэглэлтэд нь оролцож явсан гавьяатай. Иймд тус ангийг түүний нэрэмжит болгох нь зүй ёсны хэрэг гэж бодож байна” гэв. Дараа нь тус ангийг дэслэгч генерал Ч.Пүрэвдоржийн нэрэмжит болгох тухай Батлан хамгаалахын сайдын тушаал, Нийслэлийн иргэдийн хурлын тогтоолыг ангийн захирагчид гардуулан өглөө. Мөн энэ үеэр түүний нэрэмжит өрөөг шинээр байгуулснаа хүрэлцэн ирсэн хүндэт зочдод сонирхууллаа.