
Эх орныхоо цэлмэг хөх тэнгэрийг тольдон харж, сахин хамгаалах Агаарын харуулчдын бахдам сайхан албыг үргэлжлүүлж байгаа Зэвсэгт хүчний Агаарын цэргийн нийт бие бүрэлдэхүүнд болон Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүй, тэднийг сурган хүмүүжүүлэх ажилд хөдөлмөрлөн зүтгэж ирсэн ахмад буурлууд Та бүхэндээ Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн 57 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Тэртээх 1964 оны 08 дугаар сард 11-ний өдөр БНМАУ-ын Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайд бөгөөд Ардын армийн командлагч, хурандаа генерал Ж.Лхагвасүрэнгийн тушаалаар ААЕШ-ын Пуужин ба артиллерийн албаны харьяанд Агаараас эсэргүүцэн хамгаалах пуужингийн тусгай дивизион, радиотехникийн тусгай батальон байгуулагдаж 24 цагийн “байлдааны жижүүрлэлт”-ийн үүргээ гүйцэтгэж эхэлсэн нь одоогийн агаарын довтолгооноос хамгаалах цэргийн үндэс суурь тавигдсан түүхтэй.
Радиотехникийн болон Зенит-пуужингийн ангиуд нь байлдааны харвалттай тактикийн хээрийн сургуулийг Монгол Улсын нутагт 3, ЗХУ-ын нутагт 14 удаа явуулж, байлдааны пуужингийн харвалтыг нийт 17 удаа онц дүнтэй гүйцэтгэн, Ардын армын тэргүүний онц ангиар удаа дараа шалгарч байсан бахархам түүх бидэнд бий.
Агаарын цэргийн үе үеийн агаарын харуулчид, офицер, ахлагч, ажилчин алба хаагч нарт Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн 57 жилийн ойн баярын мэндийг дахин дэвшүүлж та бүхэнд өнөөг хүртэл олсон амжилтаа улам бататгаж, цэргийн мэргэжлийн ур чадвараа улам сайжруулж ямагт манлайлагч байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.