УЛСЫГ АГААРЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ ЦЭРГИЙН ӨДРИЙГ УГТАН АГААРЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД ТЭРГҮҮН, ДЭД БАЙРУУДАД ШАЛГАРСАН БҮТЭЭЛҮҮДИЙГ ТОЛИЛУУЛЖ БАЙНА.
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн, радиоэлектроны тэмцлийн офицер, ахмад Ө.ЭНХСАРУУЛ
“УЛСЫГ АГААРЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ ЦЭРЭГ- МИНИЙ МЭРГЭЖИЛ"
Монгол Улсын эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн хэлхээст түүх нь монгол цэргийн түүхтэй салшгүй холбоотой. Эртний Хүннү улс болоод Эзэн Чингисийн эрэлхэг баатрууд, Манжийн дарлалыг эсэргүүцсэн ард түмний тэмцэл, хөдөлгөөн, тусгаар тогтнолоо дэлхий дахинаа тунхаглан зарласан Ардын хувьсгал, газар нутгийнхаа халдашгүй дархан байдлыг хамгаалан дайтсан Халхын голын болон Чөлөөлөх дайны түүхэн ялалт, эх орныхоо энх цагийн бүтээн байгуулалт, даян дэлхийн энхийн үйлст оруулж байгаа хувь нэмэр нь Монгол Улсын цэрэг армийн түүхийн нэгээхэн хэсэг билээ.
Энэхүү түүхийн эд эс нь болон хөгжиж, шинэчлэгдсээр ирсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний нэгээхэн хэсэг бол үе үеийн өвөг дээдсийн, бидний, миний мэргэжил болох “УЛСЫГ АГААРЫН ДОВТОЛГООНООС ХАМГААЛАХ ЦЭРЭГ” буюу одоогийн нэршил нь Зэвсэгт хүчний Агаарын цэрэг юм.
1960-аад оны үеэс эхлэн тухайн үеийн нам, төрийн удирдлагын зүгээс Монголын Ардын армийн анги, салбаруудыг өргөтгөн зохион байгуулах, шинэ зэвсэглэл техник, боловсон хүчнээр хангахад чиглэгдсэн дэс дараатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлсэн юм.
Энэ ажлын хүрээнд зенитийн пуужин, радиотехникийн анхны анги, салбарууд байгуулагдсан нь өнөөгийн Зэвсэгт хүчний төрлийн цэрэг болох Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн үндэс суурь болсон түүхтэй.
Зэвсэгт хүчний түүхэн хөгжил болгонд Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэрэг нь үе үеийн ахмад дайчдын нөр их хөдөлмөрөөр өнөөгийн шинэчлэлд хүрснийг цохон тэмдэглэх нь зүйтэй болно.
Миний хувьд, өөрийн хэмжээнд уншиж судалснаар Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг буюу одоогийн Агаарын цэргийн хөгжлийн үеийг 4 үе шатанд хуваан авч үзэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:
- 1960-1974 он. Эдгээр он жилүүдэд Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн үндэс суурь нь тавигдаж байсан түүхэн он жилүүд. Энэхүү түүхэн жилүүдэд тодоос тод нэрээ мөнхөлсөн хүндэт төлөөлөгч бол Монголын Ардын армийн шинэ төрлийн цэрэг болох Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн тулгийн чулууг тулалцсан Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, дэслэгч генерал Чойндогийн Пүрэвдорж мөн юм. Энэ эрхэм хүний оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлд үе үеийн Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн бие бүрэлдэхүүн баярлаад баршгүй билээ.
- 1977-2000 он. Энэхүү жилүүдэд Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн анги, салбарууд хороо болон өргөжиж байсан он жилүүд. 1990-ээд оноос Төр засгаас Монголын Ардын армийн зарим анги, салбарыг нэгтгэх, татан буулгах, Улсыг болон цэргийг агаарын довтолгооноос хамгаалах, тагнуул, холбооны зарим анги, салбарыг мэргэжлийн болгон бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх арга хэмжээг авч хэрэгжүүлжээ.
- 2000-2017 он. Зенитийн пуужингийн хороог нийслэлийн Налайх дүүрэгт дахин шинээр байгуулсан түүхэн жилүүд. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэж Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг бүл нэмсэн он жилүүд юм. Мөн радиотелеграфчин, планшетчин гэх мэт тусгай бага мэргэжилтнүүдийн дамжааг хичээллүүлэн өөрсдийн нөөц бололцоогоор чадварлаг боловсон хүчин бэлтгэж эхэлсэн байдаг. 2005 оноос Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд идэвхтэй хамрагдан оролцож, Африкийн халуун цэгт үүргээ амжилттай гүйцэтгэсээр байсан.
- 2017-2021 он. Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол Улсын Зэвсэгт хүчин нь Хуурай замын цэрэг, Агаарын цэрэг, Барилга-инженерийн цэрэг, Кибер аюулгүй байдлын цэрэг болон Тусгай хүчний цэргээс бүрдэхээр хуульчлагдсан. Өнөөдөр Монгол Улсын Агаарын цэрэг эрчимтэй хөгжлийнхөө үе шат руу ороод байна. Энэ том газар нутгийн аюулгүй байдлыг хангахад бие даасан Агаарын цэргийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах төрлийн цэргийн командлалтай болтлоо өргөжин хөгжсөн түүхэн жилүүд.
Монгол Улсын агаарын хяналтыг цоо шинэ шатанд гаргахаар 23 жилийн дараа буюу 100 жилийн түүхэн ойтойгоо золгох тэр цаг үед Агаарын цэрэг нь тавьсан зорилгодоо хүрч, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий зэвсэглэл техниктэй болохын төлөө ахмад дайчдаас эхлээд өнөөдрийн ажиллаж байгаа бие бүрэлдэхүүн, түүнчлэн ажлын гараагаа дөнгөж эхэлж буй залуу хойч үеийнхэн маань хүчин зүтгэж, ирээдүйн хөгжилд хувь нэмрээ харамгүй оруулсаар байна.
Бид Зэвсэгт хүчнийхээ зэвсэглэл техникийг шинэчлэх тал дээр санаачилга гарган дотооддоо бүтээх, турших, үйлдвэрлэх бодлогыг баримталсны үндсэн дээр Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Шинжлэх ухаан технологийн зөвлөл, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнтэй сүүлийн 10 гаруй жил хамтран ажиллаж, багагүй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бүтээл гаргалаа. Энэхүү ажлын үр дүнд өнгөрсөн жилээс өөрсдийн хүч, бололцоогоор цэргийн зориулалттай техник, хэрэгсэл зохион бүтээх, үйлдвэрлэх, сэргээн сайжруулалтын шинж чанартай ажлуудыг хийж эхэлсэн. Тухайлбал, манай Зэвсэгт хүчний залуу инженерүүд анхны дрон, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг хийсэн. Гадаадад боловсрол эзэмшсэн манай цэргийн алба хаагчид өөрсдөө зохион бүтээсэн бүтээлүүд нь Оюуны өмчийн газар, цэргийн шинжлэх ухаан, технологийн зөвлөл, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэгдэн албан ёсны патент авсан нь цөөнгүй билээ.
Үүнээс үзэхэд Агаарын довтолгооноос хамгаалах цэрэг 4 үеийн түүхийн хэлхээнд тасралтгүй хөгжиж, бусдыгаа түүчээлэн үлгэр дууриал болж, эргэн харахад амжилт дүүрэн он жилүүдийг ардаа үдсэн байна.
Ахмад дайчид, алба хаагчдын энэхүү албандаа оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлж, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн үе үеийн цэргийн алба хаагчдын алдар гавьяаг мөнхжүүлэх, залуу хойч үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн үйл ажиллагааг сурталчлах, хөгжүүлэх зорилгоор Батлан хамгаалахын сайдын 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 368 тоот тушаалаар жил бүрийн 08 дугаар сарын 11-ний өдрийг Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн өдөр болгон тэмдэглэж ирсэн.
Тодруулбал, түүхийн хуудаснаа 1964 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны сайд бөгөөд командлагчийн тушаалаар Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн анхны “Армийн радиотехникийн тусгай батальон” байгуулагдаж 24 цагийн “байлдааны жижүүрлэлт”-ийн үүргээ гүйцэтгэж эхэлсэн билээ.
Энэ өдөр нь эх орноо батлан хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай, ариун журамт үүргийг биелүүлж яваа цэргийн алба хаагчдын төдийгүй монгол түмний бахархалт баярын өдөр бөгөөд улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард түмнийхээ эрх чөлөөг хамгаалан тэмцсэн түүх, үе үеийн эх орончид цэрэг дайчдынхаа гавьяат үйлсээр бахархах, хүүхэд залууст цэрэг эх оронч хүмүүжлийг олгоход дэмжлэг үзүүлэхэд онцгой ач холбогдолтой.
Монгол Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн цэрэг эрс маань өнгөрсөн зуунаас эдүгээг түүчээлэн улс орноо батлан хамгаалах нэн хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэж, эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцнаа дуурсган эх дэлхийн энх тайван, амар амгаланг тогтоох үйлсэд эр зориг, тэсвэр тэвчээр, мэргэжлийн ур чадвараа гайхуулан байна.
Миний бие цэрэг хүн болсондоо, тодруулан хэлбэл Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргээр овоглож байгаадаа баярлаж, ахмад дайчдаа хүндлэн, тэдний босгосон баганыг ганхуулахгүйн тулд үе тэнгийн нөхдийн хамтаар улам сайжруулан босгож байх болно гэдгийг бахдалтайгаар тангараглаж байна.
Олон зууны баялаг түүх, орчин үеийн шинэ шинэ ололт амжилтаар Монгол Улсын цэрэг армийн түүхийн хуудсаа зузаатган, хөгжин бэхжиж байгаа Зэвсэгт хүчний Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн яруу алдар өнө мөнхөд мандан бадрах болтугай.
БИ УАДХЦ-ЭЭР ОВОГЛОСОН ААВЫН ОХИН
БИ ТАНГАРАГ ӨРГӨСӨН ЦЭРГИЙН ХҮН
БИД АГААРЫН ЦЭРГИЙН ЭД ЭС