
Зэвсэгт хүчний 2020-2021 оны сургуулийн жилийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу Зэвсэгт хүчний 2021 оны аварга шалгаруулах “Цэрэгжлийн спортын цогцолбор тэмцээн”-д Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн баг, тамирчид Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх халдвар хамгааллын дэглэмийг хатуу чанд сахин амжилттай оролцож тэмцээнийг өнгөллөө.

Тэмцээнд нийт давхардсан тоогоор 930 гаруй баг тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс цэрэгжлийн буудлагын гар бууны тогтоол буудлагын төрөлд хошууч Д.Эрдэнэбулган мөнгөн медаль, цэргийн гурван төрөлтийн аварга шалгаруулах 3000 метрийн гүйлтийн төрөлд дэд ахлагч Э.Эрэмгийбаатар хүрэл медаль, саадын зурвасын төрөлд дэд ахлагч М.Ариунтуяа алтан медаль, саадын зурвасын ганцаарчилсан болон буухиа төрөлд ахмад Ц.Одгэрэл, дэд ахлагч М.Ариунтуяа нар багын дүнгээр цом, алтан медаль, цэрэгжлийн гимнастикийн төрөлд ахлагч Б.Рэгзэдмаа, дэд ахлагч С.Бадамгэрэл нар мөнгөн медалийн эзэд боллоо.

Зэвсэгт хүчний аварга шалгаруулах Цэрэгжлийн спортын цогцолбор тэмцээн нь цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, хөдөлгөөний дадал, эвслийг хэвшүүлэх, хамт олонч зан чанар, ёс зүйг төлөвшүүлж, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх, тэдгээрийн ажиллах чадварыг дээшлүүлэх зорилготойгоор явагдсан юм.
АХМАД Ө.ЭНХСАРУУЛ