• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ЧИМЭЭГҮЙХЭН ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ ЧИМЖ ЯВДАГ ХҮМҮҮС
Нийтэлсэн: 2022-02-28 15:40:53
Үзсэн: 53

ЧИМЭЭГҮЙХЭН ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ ЧИМЖ ЯВДАГ ХҮМҮҮС
Нийтэлсэн: 2022-02-28 15:40:53 Үзсэн: 53



     Мөрдэсгүй цэргийнхэн гэгддэг Зэвсэгт хүчний энгийн албыг хашдаг, тэр дундаа тэргүүний алдрын эздийг бид онцолж байгаа билээ. Өмнөх дугаар ЗХЖШ болон ХЗЦК-ын “Тэргүүний ажилтан”-уудаар амьсгалсан. Энэ удаад үзгийн үзүүр Агаарын цэрэг болон Барилгын цэргийн 2021 оны “Тэргүүний ажилтан”-ууд руу чиглэв.

     Эхлээд Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн уурын зуухны механик Б.Бат-Эрдэнэтэй уулзлаа. Цэргийнхээс энгийнд шилжсэн түүний амьдрал бас л соньхон юм. 1982 оны цэрэг Б.Бат-Эрдэнэ тухайн үеийн 197 дугаар ангид гурван жилийн хугацаат албаа хаахдаа холбооны бага мэргэжилтэн болжээ. Халагдахаасаа арай өмнөхөн урьтаж армидаа улирч тухайн үеийн 243 дугаар ангид очсон байна. 1990-ээд он нийгмийн тогтолцоо өөрчлөгдөхөд хэн хүн, цаашлаад улс орон тэр чигтээ ханарч зах зээлийн шуурганд өртөж байсан хүндхэн, бас олон асуултын хариултыг нэхсэн түүхэн үе гэгддэг. Бүх л салбар уналтад орсон энэ мөчлөг буюу 1991 онд түүний ажиллаж байсан 243 дугаар анги татан буугджээ. Тэгэхэд нь 238 дугаар ангид албаа үргэлжлүүлэв. Түүнээс хойш 10 гаруй жил ажиллаж байтал 2002 онд мөн л татан буугдсан аж. Дараа нь Зэвсэгт хүчний 310 дугаар ангид ирж, удалгүй цагийн салхи нааш эргэснээр тэндээ бэлтгэлд гарах хүртлээ ажилласан.

     Тэр үеийн мэдрэмж их сонин гээд ярьж эхлэв. Тэрээр “Би гурван жилийн хугацаат цэргийн албанаас ангид улирч, дараа нь жолоочоос авхуулаад олон ажил хийж үзсэн. Тухайн үеийн цэргийн сургалт бэлтгэлийн талаар ярих гэж байна. Хавар, намар хээрийн гаралт гээд сар, түүнээс ч олон хоногоор явчихдаг байлаа. Тэгж явсны үр дүнг ч үзэж, ажил алба их л өнгөтэй өөдтэй харагдана. Манай 243 дугаар анги их мундаг анги байсан. Хүнийг ажилд их сайн гаршуулдаг, машин техникийн ширхэг боолт бүрийг шалгадаг байлаа. Тийм гярхай ажигч улсаар дүүрсэн газар. Хээр цуваа татаж явж байхад зогсоосноо ангийн захирагч өөрөө машиныхаа дугуйг сольж, запаас дугуйгаа хойноо тавьчихдаг байсан даа. Үгүй ер тэр дугуйг сольчих хүн дутлаа дутлаа гэхэд юу л шалив гэж дээ. Хүнд хэлж сургах, үйлдлээрээ харуулах хоёр ондоо. Бидэнд тэгж үлгэрлэдэг байсан гээд бод доо. Даргад чирэгдчихгүй бид ч их мэрийнэ” хэмээв. Та эхэнд хэлсэн тэр сонин мэдрэмжээ гэхэд, одоохон би яаралгүй хэлье гэв. Тэгээд “Би 2008 онд бэлтгэлд гарсан. Нэг л өдөр ангийн хашаанаас бүрмөсөн гараад явахад сэтгэл хоосроод, хөндий оргиод эвгүй. Гараад хаачихаа мэдэхгүй, гишгэх газар, явах зүгээ олохгүй л байв. Мөнхөд л эндээ байна гэж боддог шиг байгаа юм. Хэсэгтээ л дассан алба, даавуун хүрмээ санасан” хэмээн хүсэлтийг минь сая гүйцэлдүүлэв.

     Ингээд нийтлэлийн баатар маань өөрийгөө шинэ талбарт хүч сорьсон нь бүтээн байгуулалт байв. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын чөлөөт бүсэд барилгын бригад ахалж ажилласан талаараа ярихад цэргийн хүний онцлог нь аргагүй тодроод ирэв. Блокийн үйлдвэрт жолоочоор ажиллаж эхэлсэн Б.Бат-Эрдэнэ гуай ээлжийн ахлагч, үйлдвэрийн орлогч дарга хүртлээ дэвшсэн гэх амттай яриаг дурлан сонслоо.

    Тэрээр “Үйлдвэрт хоёр жил ажилласан. Баригдаж байсан үйлдвэрийн барилга дуусах үед би ээлжийн ахлагч боллоо. Тухайн үед хятад машинд солонгос мотор, орос тоног залгаж бүтэн эд болгох үүрэг надад оногдсон. Ёстой нэг эрлийз, хурлийз гэдэг нь л болсон. Зургийг нь харж байгаад тааруулаад гагнаж, боож, сэтлээд янз бүрээр үзсээр үйлдвэрийн машиныг босгосон. Удалгүй тоног төхөөрөмж хариуцсан үйлдвэрийн орлогч болоод авлаа шүү. Надаас асууж байх юм, урд нь хаана ажиллаж байсан энэ тэр гээд л. Бас арга барил чинь ондоо байна гэсэн шүү” хэмээв. Ямар ч ажил үүрэг оногдсон ард нь гарна гээд сэтгэл зүрхээ бүрэн зориулж, зүтгэдэг түүний сурсан занг ийн үнэлжээ хэмээн бодогдов.

     Дараа нь тэрээр өөрийгөө бүтээн байгуулалтын талбарт томилсон. Мэдээж баг ахалж, ажил үүргээр хангаад ажиллана гэдэг хялбар биш. Цэргийн гэдэг харьяаллаас гадуур бол бүр ч амаргүй.

     Гэхдээ яг зарчмаа бариад л ажилласан гэх. Ажилчдынхаа цалин хөлсийг хугацаанд нь олгох, хоол ундыг нь тасалдуулахгүй байх гээд өөрөөс шалтгаалах хариуцлагыг эхлээд бүрэн хэрэгжүүлж ирсэн гэв. Үүний хариуд ажилчдаа сайтар шахаж ажилласан нь ч илхэн. Товлосон хугацаанд ажлаа дуусгахгүй бол цагаа сунгана. Нэг, хоёр удаа ингэж ажиллахаар маргаашаас нь эхлээд ажилчид эрт дуусгая гээд их шуурхай болчихдог гэв. “Цагтай уралдахгүй л бол барилгын ажил ч амарч, завсардах нь ихэдвэл үр дүн багатай. Цэргийн хүн бол яг хэлснээр л хийнэ. Энгийн хүнтэй ажиллана гэдэг ч өөр юм билээ шүү, гэхдээ манайхан хурдан дадсан даа” хэмээх нь арга барилаа олсондоо их л олзуурхаж дээ гэж бодогдохоор.

     Б.Бат-Эрдэнэ гуай дөрвөн хүүтэй. Энэ дөрвөөс ч нэг нь баттай ... гэж эргэцүүлсэн бодлыг минь тэрээр тайлж “Аавынхаа халааг авсан нэг хүү бий. Том хүү маань Увсын Баруунтурууны, Хилийн заставд алба хааж байна, хошууч цолтой. Багаасаа л намайг гэж энгэрт минь зүүгдэх шахам байж цэргийн амьдралд дурласан” гэсэн юм.

    Ингэхдээ “Бусад нь өөр өөрсдийн ажил албаа үргэлжлүүлээд явж байна. Би гэрийнхэндээ их өндөр шаардлага тавьдаг байсан юм болов уу. Цэрэгт дадсан зангаараа л тэр байх. Тиймдээ ч үр хүүхдүүд минь муудсан зүйлгүй л явна даа” гэх зэргээр бидний яриаг цааш хөтөлж байв.

     Мөн “Бүтээн байгуулалтын ажил улирлын шинж чанартай болохоор учир дутагдалтай, сүүлд бууриа сахиж анги байгууллагадаа ирээд байна” гэлээ. Энэ зууртаа ажиллаж байсан ангиудаа алдаршуулахаа мартсангүй. Бэлтгэлд гарахаас өмнө ажиллаж байсан 310 дугаар анги бол Ар талын нүүр царай гэгддэг ажил ундарсан, ая тух ч бүрдсэн сайхан газар даа хэмээнэ.

     Үргэлжлүүлэн “Тэтгэвэрт гараад хийсэн ажлынхаа үр шим, сурч мэдсэндээ түшиглээд одоо уурын зуухны механик хийж байна. Манай ангид слесарь, худгийн машинист, механик гээд найман хүн бий. Ангийн засвар үйлчилгээ, тохижилтын ажлыг бид хэд хийчихнэ ээ. Би ангийнхаа хоолны ширээнүүдийн 50 гаруйг нь шинэчилж хийсэн. Одоо спорт заалны сандлуудаа мөн сольж, шинэчилж байгаа. Гар минь хөдөлж байвал зүгээр суухыг бодохгүй ээ. Манайхан ч их ам сайтай байдаг юм” гэж байна.

     Бас “Ангийнхан нь механик, механик гэж гүйсээр сүүлдээ нэрээ ч мартах нь. Бараг л механик гуай гэх нь холгүй байна” гээд нэг хөгжилдөөд авлаа.

    Б.Бат-Эрдэнэ гуай “2016 онд ажилд ороод 2019 онд ангийн “Тэргүүний ажилтан” болж байлаа. 2020 онд Агаарын цэргийн “Тэргүүний ажилтан”-д нэр дэвшээд үзүүрлэсэн юм уу даа. 2021 онд “Тэргүүний ажилтан” боллоо. Дарга, цэрэггүй хамт олон минь ч сайхан дэмжсэн. Зургаан жил боллоо, хэзээд тусалж дэмждэг ангийн удирдлага хамт олондоо талархдагаа энэ дашрамд илэрхийлье. Нэг баяртай мэдээ дуулгахад, энэ онд ангийн 10 жилийн ой болно. Ойр зуурын юм хийгээд л байна” хэмээн ойдоо бэлдэж байгаагаа дуулгалаа. Түүний хувьд давхар мужаан, цахилгаанчин хийдэг юм байна. Хувьдаа гарахдаа өөртөө ийм хөрөнгө оруулалт хийгээд буцаж ирсэн нь талархууштай.

    Манай ангийн бие бүрэлдэхүүний дийлэнх нь залуус, шижигнэсэн эрч хүчтэй хамт олон хэмээн саяхан хумиад байсан магтаалын үгээ шидэнгээ “Би ч ахмадуудын тоонд ордог. Үгүй яах вэ, тэгээд хааяа залуучууддаа зөвлөх аяддаг л юм. Би 59, 60 нас хүрчихлээ. Одоо боллоо гэвэл тэгээд гарна даа. Бөглөө болж суугаад яах вэ” хэмээв. Ингэж хэлэхэд нь авьяас тэтгэвэрт гардаггүй шиг ахмадын туршлага залууст үнэтэй гэх бодол давхцаад ирлээ шүү. Харин түүний эмзэглээд байгаа нэг зүйл бол анги байгууллагын энгийн ажилтнуудын цалин хөлс. Ерөнхийдөө цалин хөлс нь сайнгүй, үүнээс болоод л ажиллах хүн цөөдөх болсон гэв. “Слесарь, механик, цахилгаанчнаар ажиллах хүн олдохоо байжээ. Энгийн газарт 800,000-900,000 төгрөгөөс эхэлж байх жишээтэй. Манайд 600-аад мянга шүү дээ. Энэ асуудалд анхаарч өгөөсэй гэж хүсэж байна” хэмээн уламжилж байв.

     Б.Бат-Эрдэнэ гуай “Тэтгэвэрт гараад дөмөгхөн юу хийхээ бодож олоод өөрийгөө завгүй байлгадаг болсон. Өөрөө сурахгүй л бол ажлын шинэ талбарт ёстой хүчгүйдэх юм билээ. Одоо бол би аргаа олчихсон. Гагнуур, цахилгаанчин хийгээд явчихна. Ер нь цэргээс тэтгэвэрт гараад нийгэмд байр сууриа олохын тулд бас өөр мэргэжилтэй байх нь чухал юм билээ гэж бодогдсон. Одоо салбар маань энэ талаар анхаарч, бэлтгэлд гарах дөхсөн офицер, ахлагч нараа энгийн мэргэжлээр сургаж байгаа юм байна лээ. Зөв бодлого, сайхан ажил хэрэгжиж байна” хэмээн сургамж, урамшил хоёроо зэрэгцүүлэх нь тэр.

     Товчхондоо цэрэг ногоон дүрэмтээ тайлж гараад цахилгааны монтаж, мужааны алхтай хүрч ирсэн ажээ, Б.Бат-Эрдэнэ гуай.

     Бидний дараагийн зочин Барилга-инженерийн цэргийн “Тэргүүний ажилтан” С.Гэрэлтуяа Зэвсэгт хүчний 338 дугаар ангид 2013 оноос хойш ажиллаж байна. Одоо талхан цехийн эрхлэгчээр ажилладаг. Тухайн үедээ цэргийн ангид ажиллах сонирхол төрөөд ирсэн гэх. Харин өнөөдөр тэр өдрөө боломж, завшаан хувь тохиол байж дээ гэж баярлаж сууна. Тэрээр “Анхандаа цэргийн хүн их сүр бараатай жавхаалаг харагддаг байсан. Бүгд л гоё санагдана. Тэгээд дунд нь ороод ажиллахад ажил үүргийг нь ойлгож, энгийн хүнээс ялгарах онцлогтойг нь мэдэрч билээ. Тэсвэр тэвчээр, сахилга бат, үг даах чадвар гээд олон сайхан чанар бий” хэмээн магтана.

     Мөн “Би ангийн удирдлага, хамт олондоо их талархдаг. Ямар ч үед дэмжсээр ирсэн. Гал тогооны бүрэлдэхүүн маань материал хангалтын албаны дарга ахмад Э.Бат-Эрдэнэ болон ахлах тогооч ахлах ахлагч Н.Биндэрьяа нарын үүрэг чиглэлээр ажилладаг. Шат шатны бүрэлдэхүүн маань тун чадварлаг. Орон нутгийн бүтээн байгуулалтын ажилд манайхан их оролцоно оо. Олон ч барилга барьсан, аймгийнхандаа нэр хүндтэй. Байгуулагдсан цагаасаа эндхийн иргэдээс олон хүнийг ажлын байраар хангаж байгаа. Бас томилогдож ирсэн офицер ахлагч нарынхаа нийгмийн хамгаалалд сайтар анхаарч ажилладаг. Гэр бүлийн хүмүүсийг нь ажлын байраар хангана. Би ч цэргийн ангид ирээд хээр, хөдөө гадаа явах, ажилч хичээнгүй байх гээд олон зүйлд суралцаж явна даа” гэв.

     Сав угаагчаас эхэлсэн тэрээр ажлаа хариуцлага, итгэлээр өнгөлсөөр одоо талхан цехийн эрхлэгч болжээ. Ажилдаа эзний ёсоор хандана гэдэг л энэ байх даа. Энэ талаараа “Хүн ажлыг голохгүй, ажил л хүнийг голдог гэж үг бий шүү дээ” хэмээн голыг нь олоод хэлчих шиг болов.

     Хийж буй ажлаараа үлгэрлэн, түүнд дэмжин тусалсан хүн нь Л.Халтар аж. Гавьяаныхаа амралтад гарсан, өмнө нь тус ангийн талхан цехийг байгуулалцсан хүн гэнэ. С.Гэрэлтуяа ёстой л намайг энэ ангид өлгийдөж авсан хүн нь Л.Халтар эгч хэмээн талархаж байв. Тэгээд Л.Халтар эгчийнхээ дэргэд талх барьж сураад, анхны бүтээл нь түүний гараас гарахад баярлахын зэрэгцээ давс хужир нь таарсан болов уу гээд багахан эмээж байснаа хуваалцлаа. Тус анги хашаандаа ногооны хэд хэдэн хүлэмжтэй гэнэ. Ногоо тарих арга ухаанд суралцсанаа ч С.Гэрэлтуяа хэлсэн. Үндсэндээ Л.Халтар эгчийнхээ ажлыг залгамжилж авсан хэмээв.

     Цэрэгтэй хамгийн ойр газар нь гал тогоо. Хугацаат цэргүүд албаа хаагаад халагдах өдөр хүртлээ гал тогооныхонд баярлалаа гэдэг үгийг харамгүй хайрласаар, урмаар услагдаж яваагаа ч талархан дурсана. Тэрээр “Нялхаараа шахуу амьтад ирдэг, удалгүй эр цэргийн жавхаа сууна даа. Бид ч ингэдэг сэн гээд урамшина. Анх танихгүй байснаа удалгүй ах аа, эгч ээ болоод л ирдэг дээ, тэд маань. Бид ч олон аавын хөвгүүдийн хоол ундыг бэлдэхдээ ээж шиг нь сэтгэлээ шингээн байж хийдэг” хэмээн гал тогооны цагаан нөмрөгтнүүдээ алдаршуулна.

     С.Гэрэлтуяа цэргийнхэнтэйгээ мөр зэрэгцээд Халх гол суманд хэрэгжсэн “Шинэ сум” төсөл, төмөр замын бүтээн байгуулалтын арын албыг даалцаж, барилгачин дайчдаа халуун хоол, цайгаар таслаагүй нэгэн аж. Тэгээд дурсахдаа “Говь ч халуун газар. Тэнд ачаалалтай ажилласан. Гэхдээ монгол цэргүүд түүхэнд үлдэх бүтээн байгуулалт хийж байна гээд чихэнд сонсголонтой сайхан мэдээнүүд хөвөрсөн дөө. Баярлаж л суулаа. Дараа нь галт тэргэнд суугаад энэ төмөр замаар явбал мөн ч гоё доо гэж бодогддог юм билээ” гэхэд тэр үеийн сэтгэл хөдлөл нь мэдрэгдэх шиг болов.

     Түүнийг Барилга-инженерийн цэргийн оны “Тэргүүний ажилтан”-ы болзлыг хангасан талаарх сонсголонтой мэдээг захирагчийн орлогч нь дуулгаж, С.Гэрэлтуяа баяр хөөр тээн хотыг зорьжээ. Хэдийнээ энэ баярт мэдээг сонссон ч Барилга-инженерийн цэргийн удирдах газрын даргаас шагналаа гардаж авах тэр үед ч буцалж л явсан гэнэ.

     “Амжилт бүтээл оргилсон жил байлаа. Энэ амжилтаа бататгаж, хамт олныхоо итгэлээр жигүүрлэж ажиллана” гэж бахархалтай нь аргагүй хэлэх С.Гэрэлтуяа эзэн хичээвэл заяа хичээнэ гэх амьд үгсийн эрчим, ерөөлийн сайхан бэлгэдэл юм санж.

Дэслэгч Ц.ЭНХ-ОРГИЛ

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56025
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51999
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50118
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49117
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48950
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48659