Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Завхан аймгийн Засаг даргын ивээл дор "Тогтвортой амьдрал-Амгалан гэр бүл" чуулган 2022 оны 3 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг чуулганд Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Монгол Улсын Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва, Монгол Улсын Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан салбарын тэргүүн П.Даваахүү, Завхан аймгийн 24 сум, 115 багийн төлөөлөл, төрийн болон төрийн бус байгууллага, үйлдвэрлэгч эмэгтэйчүүд, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн төлөөлөл 400 гаруй алба хаагчид энэхүү арга хэмжээнд оролцлоо.
Уг арга хэмжээний хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээлэл, Монголын эмэгтэйчүүдийн холбооноос хэрэгжүүлж байгаа ажил, цаашдын чиг хандлага, МУАЖ, Хөдөлмөрийн баатар П.Цэрэндагва, МУАЖ Д.Мэндбаяр нар “Гэр бүлийн үнэ цэн-Хайр-Хүндлэл-Хамтын амьдрал-Амжилтад хэрхэн нөлөөлдөг вэ?”, Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил”, Монголын эмэгтэйчүүдийн холбооны Завхан салбараас "Тогтвортой ажиллагаа- Ирээдүйн үнэ цэнэ", Завхан аймаг дахь “Хаан” банкнаас "Жижиг дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ" зэрэг илтгэл, танилцуулга, яриа, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж, чуулганаас гарсан шийдвэрийг цаашид хэрэгжүүлэх, хамтран ажиллах талаар уриалга, баримт бичгийг танилцууллаа. Чуулганы эцэст "Хамтын хүч-хөгжлийн гарц" үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахад Зэвсэгт хүчний 325 дугаар ангиас хүн хүч, автомашин техникээр дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллалаа.
Ахмад Н.МӨНХБААТАР