Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа 113 дугаар тусгай салбар “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ой, Монгол цэрэг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн баярыг тохиолдуулан Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, “Арвайхээр чөлөөт суваг” телевиз хамтран Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуулийн ахлах ангийн 60 гаруй сурагчийн дунд “АХА” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгуулсан юм.
Тэмцээний хүрээнд цэрэг эх орны талаарх мэдлэг боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймгийн орон нутгийг судлуулав. Мөн Зэвсэгт хүчний түүхт ойг угтаж төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын дунд “Сагсан бөмбөг”-ийн аварга шалгаруулах тэмцээнийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдах бүрэлдэхүүн эмэгтэй албан хаагчид, төрийн захиргааны байгууллагуудын удирдлагуудыг оролцуулан зохион байгууллаа. Түүнчлэн холимог багуудын “Гар бөмбөг”-ийн тэмцээнийг 3 дугаар сарын 15-ны өдөр Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн “Соёл спортын төв”-д амжилттай зохион байгуулж явуулав.
Үргэлжлүүлэн аймгийн Засаг даргаар батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ сарын 16-ны өдөр аймгийн Засаг даргын нэрэмжит “Мини марш” буюу цэрэг спортын цогцолбор тэмцээнийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын дунд Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн сургуулийн төвийн районд тус тус зохион байгуулан явууллаа.
Ахмад З.АНХБАЯР