• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

НИСЛЭГ-ХАМТЫН ХӨДӨЛМӨР
Нийтэлсэн: 2015-04-16 14:52:50
Үзсэн: 72

НИСЛЭГ-ХАМТЫН ХӨДӨЛМӨР
Нийтэлсэн: 2015-04-16 14:52:50 Үзсэн: 72



    Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн шалган нэвтрүүлэхээр алхаад л офицер, ахлагч нарын идэвхтэй хөл хөдөлгөөнийг ажигласан юм. Агаарт нисэхийн тулд газарт сайтар хөдөлмөрлөх ёстой. Газрын бэлтгэл бол нислэгийн амжилтын үндэс. Энэ дүрмийг тус ангийн нисгэгч, техникийн ажилтнууд үйл ажиллагааныхаа мөрдлөг болгосон нь тэдний хичээл сургалт, техникийн үйлчилгээ, бусад ажил, хөдөлмөрөөс тод харагдана. Үүнийг нурших нь илүүц юм. Тусгай мэргэжлийн ангийнхан мэргэжлийн онцлогоороо л ялгардаг шүү дээ.

    “Монгол цэргийн жавхаа” уралдаанд өмнөх жил үзүүлсэн амжилтаа бататгах бүр ахиулах зорилттой бэлтгэж байгаа аж. Энэ уралдаанд оролцохын тулд ангиуд гадна, дотор тохижилтын ажил их хийж, цэргийн хотхоны өнгө төрх үлэмж сайжирсан сайн үр дагавартайг өмнөх жилүүдийн уралдааны дүн харуулсан байдаг. 337 дугаар ангийн хамт олон хотхоны дотоод болон гадна тохижилт, цэцэрлэгжүүлэлт, соёлын төв, штаб бусад байгууламжид засвар үйлчилгээ хийх зэрэг 42 ажил төлөвлөн хэрэгжүүлж дуусгасан байна. Тус ангийн хашаанд жагсаалын болон биеийн тамирын бэлтгэлд хамрагдаагүй офицер, ахлагч гэж алга. Цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжилд онцгой анхаарал хандуулан дасгал, сургуулилтыг тогтмолжуулсан талаар ангийн захирагч, хурандаа Н.Очирбат ярьж байлаа. Аль ч ангид нийтлэг байдаг үзэгдэл бол дундаас дээш насны офицер, ахлагч нарын биеийн жингийн зохистой харьцааны алдагдал буюу илүүдэл жингийн асуудал юм. Энэ үзэгдлийг тус ангид биеийн тамир, хөдөлгөөнөөр шийдэж байгаа нь зөвхөн сул чөлөөтэй цаг завыг л эргэлтэд оруулсан ашигтай хэлбэр болжээ.

  Монгол Улсад нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Монголын нисэх хүчний үүсэл хөгжил цэргийн нисэхтэй салшгүй холбоотой, энэ утгаараа нисэх хүчний 90 жилийн ой угтсан өрнүүн хөдөлмөр, өөдрөг үйл тус ангид хэдийнэ эхэлжээ. Нисэх хүчин, ангийн хөгжил, үйл ажиллагааг бүрэн тусгасан, түүхчилсэн гэрэл зургийн альбом, ном бичих ажлыг эхлүүлжээ. Нисэх буудлын байрлалд мод тарих, цэцэрлэгжүүлэх, ахмад нисгэгчдийн гавьяат үйлсийг сурталчлах, ангийн байрлал дахь нисэхийн музейг шинэ үзмэр, эд өлгийн зүйлээр баяжуулах гээд нисэх хүчний түүхт 90 жилийн ой угтсан ажлууд ар араасаа ундарч байгаа аж.

  337 дугаар ангийн тэргүүний хамт олноор дэд хурандаа Н.Баясгалан даргатай нисэх бүрэлдэхүүн шалгарчээ. Энэ нь гарцаагүй гэж хэлэхээс өөр хариултгүй үзүүлэлт мөн. Тус ангийн үндсэн үүрэг бол нислэг, нислэгийн аюулгүй байдлыг хангах шүү дээ. Нисдэг тэргүүдээр талбай сонгох, хаалттай хөшиг, хосын нислэгүүдийг үйлдэж, нислэгийн урьдчилсан бэлтгэлийг 104 удаа, онгоц паркийн өдрийг 12 удаа зохион байгуулжээ. ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Сэлэнгэ-2014” байлдааны буудлагатай тактик хээрийн сургуулийн бэлтгэлийн үеэр олон цагийн нислэг үйлдэж, уг сургуулийн явцад ангийн байрлалаас 3 нисдэг тэрэг, 12 авто техник 1940 км-ийн марш үйлдэн шилжин байрлаж, үүргээ амжилттай биелүүлсэн нь цэргийн нисгэгчдийн мэргэжлийн ур чадварын томоохон шалгуур болсон билээ.

  Цэргийн нисэх бүрэлдэхүүн нислэгийн урьдчилсан болон нислэгийн өмнөх бэлтгэлийг хангаж, шүхэрчдийн усны мандал дээрх шөнийн буултыг Буйр нууран дээр амжилттай гүйцэтгэж, Чойбалсан хотын хөдөлмөрчдөд шүхэрчдийн үзүүлэх буултын 36 цагийн нислэгийг амжилттай гүйцэтгэжээ. Сургуулийн явцад 3 нисдэг тэргээр 84 удаагийн 76 цагийн нислэгээр 12717 км-ийн агаарын зам туулсан байдаг. АНУ-ын Тэнгисийн явган цэргийн тусгай хүчинтэй хамтран явуулсан “Баланс-Межик” хээрийн сургууль, 016 дугаар бригадтай хамтарсан тактикийн хээрийн сургууль, Хужирбуланд явагдсан хээрийн сургуулийн шүхрийн буулт, олсоор хүн буулгах, нисдэг тэрэгнээс газрын бай устгах зэрэг мэргэжлийн ур чадвар шаардсан нислэгүүдийг чадварлаг гүйцэтгэсэн нь цэргийн нисгэгчдийн нэр хүндийг өргөсөөр байна.

  Нисгэгчдийн сэтгэл газарт ч амар тайван байдаггүй гэж үг бий. Нислэг амжилттай болохын үндсийн үндэс нь газрын бэлтгэл юм. Энэ утгаараа цэргийн нисгэгчид байнгын бэлтгэлтэй байдаг. Бие бялдар, сэтгэл зүйн болоод техникийн бэлэн байдал.

  Залуу инженер, техникчдээс мэргэжлийн шалгалт, шүүлгийг тогтмол авч нисдэг тэргэн дээр ажиллах эрх олгох сургалтыг үе шаттайгаар явуулж, АДХЦ-ийн командлал, улсын нисэхийн гэрчилгээжүүлэлтийн албанаас нисдэг тэргүүдээр нислэг үйлдэж, нислэгт тэнцэх чанарын гэрчилгээ, нисэх эрхийг сунгалаа. Нислэг бол хариуцлага, тиймээс дээрх жишээнүүд нь ердөө л хариуцлагыг баталгаажуулж байгаа тогтмолжсон ажлууд юм.

  Инженер техникийн бие бүрэлдэхүүн онгоц, тавиулангийн өдрийг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, МИ-24В, МИ-8Т нисдэг тэргэн дээр цаг үеийн хэвшүүлэх болон улирлын үйлчилгээг хийж, нислэгийн техникийн бэлэн байдлыг хэвшүүлж дадлагажсан байна. 100 цагийн багтаамжтай хэвшүүлэх ажлыг 3 удаа, 50 цагийн багтаамжтайгаар 3 удаа, 25 цагийн багтаамжтайгаар 12 удаа хийжээ. Эдгээр тоонуудын цаана инженер, техникийн ажилтнуудын уйгагүй, нягт нямбай хөдөлмөр байгаа юм. Онгоц агаарт хөөрөхөд газарт үлдсэн инженер, техникчийн сэтгэл хамт нисдэг гэдэг энэ буюу. Нислэг үйлдэх нь хамтын хөдөлмөр гэдгийг ч дээрх өгүүлбэр батлах буй за!

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56010
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51982
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50102
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49102
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48933
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48643