ҮБХИС-ийн Агаарын цэргийн тэнхимийн 30 жилийн ойд зориулан Радиотехникийн мэргэжлийн анхны төгсөгчдөөс санаачлан радиотехникийн мэргэжлийн багш, төгсөгчдийн дунд волейболын тэмцээн 4 дүгээр сарын 24-ний өдөр Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн байрлалд амжилттай болж өндөрлөлөө.
Үе үеийн төгсөгчдөө хооронд нь танилцуулах, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулсан тус тэмцээнд нийт 15 багийн 120 гаруй тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс дэд хурандаа Г.Баатархүү ахлагчтай 2004 оны төгсөгчид I байр, хурандаа Ч.Буянзаяа ахлагчтай 2001 оны төгсөгчид II байр, хошууч Г.Ууганбаатар ахлагчтай 2009 оны төгсөгчид III байр, бэлтгэл хурандаа Ү.Амгаланбаатар ахлагчтай 1996 оны төгсөгчид IV байрыг тус тус эзэллээ.
Тэмцээний шилдэг довтлогчоор хошууч Б.Энхболд /2004/, шилдэг холбогчоор дэд хурандаа Л.Эрдэнэбилэг /1996/, шилдэг тэгш тоглогчоор дэд хурандаа С.Алтай /2001/ нар шалгарав. Мөн энэ үеэр үе үеийн төгсөгчид Агаарын цэргийн тэнхимийн анхны багш, рот, курсийн захирагч нартаа хүндэтгэл үзүүлж, радиотехникийн мэргэжлийн төгсөгчдөөс төрөн гарсан хурандаа нарт дурсгалын зүйлийг гардуулан өглөө.
Энэхүү нөхөрсөг тэмцээн нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагдах бөгөөд ирэх жилийн тэмцээнийг 1997 оны төгсөгчид зохион байгуулахаар боллоо.
Агаарын цэргийн командлал