Зэвсэгт хүчний 303 дугаар анги Афганистан улсад “Тогтвортой эрх чөлөө” ажиллагааны “Нисдэг тэрэгний техникийн засвар, үйлчилгээний сургалтын баг /НТТЗҮСБ/”-т үүрэг гүйцэтгэсэн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагааг энэ сарын 18-ны өдөр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн байрлалд зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээнд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр, Монгол Улсын гавьяат нисгэгч бэлтгэл хурандаа Б.Дашаахүү, Агаарын цэргийн командлалын Улсын нисэхийн хэлтсийн дарга хурандаа Н.Очирбат, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн удирдлага, бие бүрэлдэхүүн болон бусад хүндэт зочид оролцлоо. Агаарын цэргийн командлагч хошууч генерал О.Энхбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ ОХУ-ын нисдэг тэргийг өөрийн мэт эзэмшиж, ашиглан цаашлаад Афганистан улсын нисэх хүчний бие бүрэлдэхүүнд сургах хэмжээний боловсорсон нисэхийн мэргэжилтнүүдээрээ үргэлж бахархаж явдгаа онцлов.
Арга хэмжээний хүрээнд “Нисдэг тэрэгний техникийн засвар, үйлчилгээний сургалтын баг”-т үүрэг гүйцэтгэсэн нийт бие бүрэлдэхүүнд Агаарын цэргийн командлагчийн талархал, дурсгалын зүйлийг гардууллаа.
Ахмад О.МАНДАХБАЯР