Монгол Улсын зүүн, зүүн өмнөд бүсийн агаарын орон зайд радиолокацийн хяналт үйлдэж эх орныхоо амгалан тайвны төлөө хариуцлагатай үүргээ биелүүлэн байгаа энэ хамт олон бол Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 253 дугаар тусгай рот билээ.
Бидний томилолт үргэлжилсээр… Сумын төвөөс 1,5км давхиад тохижилт үзэмж сайтай 40 жилийн ойгоо угтах гэж буйг илтгэх дурсгалын хөшөө бүхий цэргийн ангийн цэмцгэр хашаа. Тусгай ротууд орон нутагтаа үндсэн үүрэг гүйцэтгэхээс гадна Зэвсэгт хүчнээ сурталчилсан, байгууллагын соёл, эмх цэгц, зохион байгуулалттай үйл ажиллагааг харуулж, бусдад үлгэр дуурайлал болж байдаг бололтой хэмээн дотроо тунгаан ротын хашаагаар орлоо. Хамгийн түрүүн нүдэнд тусах зүйл бол галын булан байлаа. Гал унтраах мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө аван төхөөрөмжилсөн галын буланг хараад ямар ч тохиолдолд эрсдэлийн ард хохиролгүй гарах бүрэн дүүрэн итгэл төрнө.
Говийн өглөө болоход наран газраас урган цэнхэрлэх тэнгэртээ гэнэтхэн л манддаг аж. Ротын жагсаалын талбайгаас дэрхийн нисэлдэх энх тайвны бэлгэдэл тагтаан сүрэг эх орон тань тайван амгалан хонолоо гэх шиг… Цугларах дохио өгмөгц ЦАХ-д ротын хашааны гадна байрлах албан тушаалын орон сууцнаас гүйлдэж, зарим нь сумын төвөөс хөнгөн чанарын мотоциклоор хурд мэдэн давхин ирж зогсоцгооно.
Энэ ротын тохижилт үйлчилгээ нэн тэргүүнд анхаарал татаж байлаа. Төсөв хөрөнгөгүй гэж хойш суусангүй. Хамт олноороо биеийн тамирын дасгалын тернижор, спортын болон урлагийн заал гээд байхгүй юм энд нэг үгүй. Эдгээрээс гойд сайрхам санагдсан нь дээр дурдсан галын булан, мөн зэвсгийн өрөөний зэвсгийн тавиур. Зургийг камертаа буулгахдаа бүх л цэргийн ангиудад үзүүлэхсэн гэж бодож байлаа.
Ротын удирдлага нийгмийн хариуцлагынхаа хүрээнд орон нутгийн оршин суугчдыг хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил олгодог ба сүүлийн жилүүдэд ажилд орох энгийн ажилтан албан хаагч олдохгүй байгаа талаар дурдсан юм. Шалтгаан юу вэ гэвэл сард олгогдох цалин хөлс. Ингээд бодоход хүн хаана ч ямар ч нөхцөлд ажилласан хөдөлмөрөө үнэлүүлж түүндээ дүйцэх цалин хөлс хүсэх нь тухайн хүний эрхийн асуудал болсон цаг үе. Энэ асуудал ганц энэ суманд биш бүхий л салбарт байгааг хэн хүнгүй л мэдэж байгаа. Шалгалтын комисс бид ангийн захирагчийн баталсан удирдамжийн дагуу шалган туслах ажлаа явуулж дүнг нэгтгэн танилцуулаад дараагийн салбарлуугаа яаран гарлаа. Өмнө зүгээс буцах бидэнтэй нүүдлийн шувууд зөрөн нисэх нь хүйтний улирал наашилж буйн дохио юм.
Монгол Улсын агаарын хил тайван байна.
Ахмад Л. САРАНЗАЯА