Египет Улсын Кайр хотод зохион байгуулагдсан Буудлага спортын Дэлхийн аварга шалгаруулах 53 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн Монгол Улсын шигшээ баг, БХЯ-ны “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн тамирчин ОУХМ, ахлагч Э.Хишигдэлгэрийг Агаарын цэргийн командлалын хамт олон хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Энэ үеэр Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат хамт олныхоо нэрийн өмнөөс болоод хувиасаа халуун баяр хүргэсний зэрэгцээ булган сүүлтэй байж араасаа олон шилдэг тамирчныг дагуулах болтугай хэмээн ерөөгөөд дурсгалын зүйлийг талархлын хамт гардуулан өгсөн юм.
Энэ удаагийн Буудлага спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд МУГД, дэд хурандаа Л.Ундралбат дасгалжуулагчтай баг 25 метрийн “Center Fire Pistol” буюу том калибрын гар бууны дасгалд эхний 3 байрыг дараалан эзэлсэн нь буудлагын спортын түүхэнд нэг төрөлд Монголын тамирчид тэргүүлсэн гайхамшигт үйл явдал болсон юм.
Ө.НАСАНТОГТОХ