Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагддаг “Хурдач радист”-ын тэмцээн энэ удаа Монгол Улсын баруун бүсийн Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн анги, байгууллагуудын дунд зохион байгуулагдахаар бэлтгэл ажлаа хангаад байна. Энэ удаагийн тэмцээнийг Зэвсэгт хүчний 325 дугаар анги, Монголын радио-спортын холбоотой хамтран зохион байгуулж буй бөгөөд өчигдөр тэмцээний нээлтийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Э.Энхбаяр, Монголын радио-спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүн радио-спортын ОУХМ, улсын шүүгч бэлтгэл хошууч Ч.Чинбат, Радио-спортын ОУХМ, улсын шүүгч хошууч Б.Мөнгөнзул, сургагч ахлагч Ц.Болдбаатар нар оролцов.
Уг тэмцээний зорилго нь мэргэжлийн радио телеграфчдын ур чадварыг үнэлэх, мэргэжлийн зэрэгтнийг нэмэгдүүлэх болон радио спортын өндөр зэрэглэлийн тамирчдыг бэлтгэхэд оршиж буй юм. Тус спортын тэмцээнд Зэвсэгт хүчний 325 дугаар анги болон тусгай салбарууд, 123 дугаар анги, 331 дүгээр уулын тусгай батальон, Хилийн цэргийн 0214 болон 0257 дугаар отрядуудын нийт 13 багийн 62 тамирчин хурд, хүч, авьяас чадвараа сорих бөгөөд алслагдсан анги, салбарууд онлайнаар оролцох нөхцөлийг бүрдүүлж өгснөөрөө онцлог аж.
Б.ХАТАНБААТАР