ЗХЖШ-аас 2023 оныг "Залуу офицер, ахлагч нарыг дэмжих жил" болгосонтой холбогдуулан Агаарын цэргийн командлалаас “Агаарын цэргийн мэргэжлийн аварга офицер, ахлагч” шалгаруулах тэмцээнийг хоёр үе шаттайгаар амжилттай зохион байгуулж энэ сарын 18-ны өдөр мэргэжлийн аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнд Агаарын цэргийн харьяа 5 ангийн 100 гаруй офицер, ахлагч нисэх, зенитийн пуужин, радиотехникийн мэргэжлээр өрсөлдсөнөөс радиотехникийн мэргэжлийн аварга офицерын төрөлд дэслэгч Б.Шинэзаяа (325) тэргүүн байр, дэслэгч Б.Баянсан (065) дэд байр, радиотехникийн мэргэжлийн аварга ахлагчийн төрөлд ахлагч С.Мөнх-Эрдэнэ (065) тэргүүн байр, ахлагч Б.Хүрэлбаатар (065) дэд байр, зенит пуужингийн мэргэжлийн аварга офицерын төрөлд ахлах дэслэгч Д.Эрдэнэжаргал (353) тэргүүн байр, дэслэгч С.Намсрай (353) дэд байр, зенит пуужингийн мэргэжлийн аварга ахлагчийн төрөлд ахлагч Б.Мөнх-эрдэнэ (353) тэргүүн байр, дэд ахлагч А.Мөнх-Эрдэнэ (353) дэд байр, нисэхийн мэргэжлийн аварга офицерын төрөлд ахлах дэслэгч Н.Оюунболд (337) тэргүүн байр, ахлах дэслэгч Б.Түмэн-Өлзий (337) дэд байр, нисэхийн мэргэжлийн аварга ахлагчийн төрөлд ахлагч Ү.Эрдэнэбаяр (303) тэргүүн байр, ахлагч Э.Мөнхбат (337) дэд байрт тус тус шалгарч мэргэжлийн аваргын тэмдэг, өргөмжлөл, мэргэжлийн зэргийн эзэд боллоо.
Энэхүү тэмцээн нь Агаарын цэргийн үндсэн мэргэжлийн офицер, ахлагч нарын мэргэжлийн болон тактикийн мэдлэг, ур чадвар, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор Агаарын цэргийн командлалаас 2 жилд нэг удаа уламжлал болгон явуулдаг ч энэ жилийн тэмцээнд зөвхөн залуу офицер, ахлагч нар буюу сургууль төгсөөд 5 жил хүртэл ажиллаж байгаа бүрэлдэхүүний дунд явуулсан нь онцлог байлаа.
Тус тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Агаарын цэргийн командлалын Агаарын довтолгооноос хамгаалах хэлтсийн дарга хурандаа Ч.Буянзаяа оролцож, тэмцээнд амжилт үзүүлж байр эзэлсэн бүрэлдэхүүнд шагналыг нь гардуулан өгч нийт бие бүрэлдэхүүнд ажил, мэргэжлийн амжилтыг хүслээ.
АГААРЫН ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ