
Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга хурандаа Б.Баатар, Агаарын цэргийн командлагч бригадын генерал О.Энхбаяр нараар ахлуулсан бүрэлдэхүүн энэ сарын 15-17-ны өдрүүдэд Дорноговь, Өмнөговь аймагт явагдаж буй Зүүнбаян-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын трассын дагуух бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэж байгаа Зэвсэгт хүчний 9 анги, алба хаагчдын ажиллах орчин нөхцөлтэй, ажлын явц байдал, үйл ажиллагаатай танилцлаа.
Мөн бүтээн байгуулалтын ажилд оролцож буй бие бүрэлдэхүүний идэвх, санаачилгыг өрнүүлэх, урам зориг өгөх идэвх чармайлт гарган хамт олноо манлайлан ажиллаж байгаа зарим цэргийн алба хаагчдыг Зэвсэгт хүчний Жанжин штабын хүндэт өргөмжлөл болон Агаарын цэргийн командлалын дурсгалын зүйлсээр шагнаж урамшууллаа.
Агаарын цэргийн командлагч бригадын генерал О.Энхбаяр бүтээн байгуулалтад оролцож бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэж хэлсэн үгэндээ “Бүтээн байгуулалтыг өөрийн биеэр харж, танилцаж байгаадаа маш их баяртай байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажлын явц байдлыг хараад би та бүхнээр өөрийн эрхгүй бахархаж, бас омогшиж байна. Монгол хүн тэр тусмаа Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн энэ их ажлыг нэгдсэн удирдлагын дор, чадварлаг инженерүүдийн зураг төсөл, зааврын дагуу олон улсын стандартад нийцсэн төмөр зам тавих ажлыг гүйцэтгэж байгаа нь Зэвсэгт хүчин төдийгүй Монгол Улсын хувьд түүхэн үйл явдал болж “Бид хийж бүтээж чаддаг юм шүү” гэдгийг дэлхий нийтэд харуулж буй үйл явдал болж байна”. Мөн тэрээр энэхүү их ажлын хүндийг нуруундаа үүрч бүтээн байгуулалтын талбарт байгаа алба хаагчдад талархал илэрхийлж ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.






