• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

Т.Ганбат: ОФИЦЕР, АХЛАГЧ НАРАА МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГТЭЙ БОЛГОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-05-08 10:20:35
Үзсэн: 120

Т.Ганбат: ОФИЦЕР, АХЛАГЧ НАРАА МЭРГЭШЛИЙН ЗЭРЭГТЭЙ БОЛГОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Нийтэлсэн: 2023-05-08 10:20:35 Үзсэн: 120



Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбаттай ярилцлаа.

     Энэ сард Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ой тохиож байна. Тус ойн хүрээнд ямар ажил, арга хэмжээг зохион байгуулж байгаа вэ?

-Түүхэн ойг угтаж хэд хэдэн ажлыг төлөвлөн бэлтгэл ажлыг хангаад байна. Тодруулбал, цэргийн нисэхийн нисгэгч, инженер, техникийн бүрэлдэхүүний дунд “Цэргийн нисэхийн хөгжил, туршлага, сургамж, хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 12-ны өдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хурлын зааланд зохион байгуулна.

     Мөн Иргэний нисэхийн ерөнхий газар, “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын захиргаа, Хил болон Онцгой байдал, иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран “Buyant-Ukhaa Air Show”-г зохион байгуулахаар төлөвлөж байна.

Түүнчлэн Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал шинэ байрлалд шилжсэнээс хойш ахмадуудаа хүлээн авч амжаагүй байна. Тиймээс түүхэн ойн хүрээнд ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлж, гурван үеийн дурсамж уулзалтыг зохион байгуулж цэрэг дайчдынхаа өнөөгийн өнгө төрх, алба хааж буй байдалтай танилцуулахаар төлөвлөсөн.

Тус ойн өдрийг иргэний нисэхийн байгууллагууд “Нисэхийн баяр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Эл уламжлалын дагуу спортын найман төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулна. Мөн энэ үеэр “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудал орчимд байрлан үйл ажиллагаа явуулдаг төрийн болон аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцах юм.

     Агаарын цэргийн командлалаас сүүлийн жилүүдэд гадаад хамтын ажиллагааны чиглэлээр идэвхтэй ажиллалаа. Энэ хүрээнд ямар зөвшилцөл, шийдэлд хүрч байна?

-Тийм ээ. Агаарын цэргийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улам эрчимжиж байна. Бид ОХУ-тай олон жилийн турш найрсаг хамтын ажиллагаатай байсан уламжлалаа бататгаж цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд нэмэлт гэрээнүүдийг үзэглэн сөнөөгч онгоцнууд хүлээн авсан. Үүнээс гадна Налайх дахь нисэх зурвасаа сэргээн сайжруулах, онгоц, нисдэг тэрэгний засварын төв байгуулах төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Мөн АНУ-тай байгуулсан цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд англи хэлний сургалтын лаборатори, холбооны техник, хэрэгсэл хүлээн авсан бөгөөд зөвлөлдөх уулзалт, хамтарсан дадлага сургууль зохион байгуулах, бие бүрэлдэхүүнийг чадавхжуулах, харилцан туршлага солилцох зэрэг арга хэмжээ илүү тогтмолжсон. Тэрчлэн бага, дунд оврын тээврийн онгоцнуудыг тус улсын тусламжаар авч Зэвсэгт хүчний Агаарын цэргийн агаарын тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх бодлого барьж ажиллаж байна.

Түүнчлэн БНХАУ-тай байгуулсан найрсаг хөршийн хамтын ажиллагааг үргэлжлүүлэхийн зэрэгцээ бие бүрэлдэхүүний ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулах, тусгай техникийн тусламж авах талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцож байгаа.

Үүнээс гадна өнгөрсөн намар Япон Улсын Өөрийгөө хамгаалах агаарын хүчинтэй хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан бөгөөд өмнөх сард анх удаа дунд шатны зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан.

Цаашид Австрали, БНСУ, БНТУ, Вьетнам, Энэтхэг зэрэг орны Агаарын хүчинтэй хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар идэвхийлэн ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт Вьетнам Улсын Батлан хамгаалах яамны дэргэдэх Аж үйлдвэрийн нэгдлийн төлөөлөгчид Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын урилгаар манай Агаарын цэрэгт ажиллан зэвсэглэл, техниктэй танилцаж цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон.

Тиймээс Агаарын цэргийн командлалд гадаад улс оронд боловсрол эзэмшсэн, гадаад хамтын ажиллагааны чиглэлээр ажиллах офицеруудын хэрэгцээ, шаардлага их байна. Энэ нь манай командлалын гадаад хамтын ажиллагаа эрчимтэй өргөжин хөгжиж байгаатай холбоотой.

     Та Агаарын цэргийг хөгжүүлэх талаар ямар бодлого барьж ажиллаж байна?

-Зэвсэгт хүчний Агаарын цэрэг хөгжлийнхөө нэн шинэ үеийн эхлэл зааг дээр байна гэж би хардаг. Өнгөрсөн оны 7 дугаар сарын 8-нд Монгол Улс, ОХУ-ын Батлан хамгаалах яамд хоорондын цэрэг-техникийн хамтын ажиллагааны хүрээнд орчин үеийн дуунаас хурдан сөнөөгч онгоцнуудыг хүлээн авч Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалд оролцсоныг та бүхэн санаж байгаа байх. Ийнхүү Монгол Улсын мөнх хөх тэнгэрт цэргийн нисгэгч нар өөрсдийн сөнөөгч онгоцоороо 30 жилийн дараа нислэг үйлдэж, эх орны минь агаарын орон зай эзэнтэй болсон түүхэн үйл явдал тохиосон. Тэрчлэн ОХУ-аас “Ми-8” нисдэг тэрэг худалдан авч сургалт, дадлагын, тусгай үүргийн нислэгүүдийг үйлдэж байна. Мөн улсын агаарын хил, агаарын орон зайн аюулгүй байдлыг хянах үүрэг бүхий радиотехникийн анги, салбаруудын зэвсэглэл, техникийг орчин үеийн техник, технологийн хөгжил дэвшилтэй уялдуулан шинэчлэх ажлыг эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн.

Агаарын цэргийн тайван цагийн үндсэн үүрэг бол байлдааны жижүүрлэлт байдаг. Байлдааны жижүүрлэлтийн анги, салбаруудын агаарын цагийн байдлын мэдээ, мэдээлэл олзворлох, боловсруулах, дамжуулах ажиллагааг автоматжуулах төсөл амжилттай хэрэгжиж АНУ-ын буцалтгүй тусламжаар “Харрис” загварын радио станцуудыг хүлээн авч анги, салбаруудын холбоог зохион байгуулахын зэрэгцээ өөрсдийн инженер, техникийн ажилтнуудын хүчээр тоон системийн холбооны төхөөрөмж бүтээж байлдааны жижүүрлэлтийн холбоо зохион байгуулалтад нэвтрүүлээд байна.

Орчин үеийн дайн, байлдааныг нисгэгчгүй нисэх хэрэгсэл, дронгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бид ч энэ чиглэлд гараа хумхиад суусангүй. Харьяа ангийн бүтцэд нисгэгчгүй нисэх хэрэгслийн туршилт, судалгааны нэгж байгуулж Ёл-1, Ёл-2 загварын нисгэгчгүй нисэх хэрэгслүүдийг бүтээн туршилт, судалгаа явуулж байна. Мөн 2024 оны төгсгөл гэхэд Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн аэродромыг нэгдүгээр зэрэглэлийн болгон төхөөрөмжлөх зэрэг олон арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа нь яахын аргагүй Агаарын цэргийн хөгжлийн нэн шинэ үеийн түүхийг эхлүүлж байгаа явдал хэмээн дүгнэж байна.

Түүнчлэн алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр хэд хэдэн чухал ажил, арга хэмжээг хэрэгжүүлсэн. Алслагдсан байрлалд үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний гурван салбарт найман айлын орон сууц, Зэвсэгт хүчний 303 дугаар ангид онгоцны үйлчилгээ, засварын ангарыг барьж ашиглалтад орууллаа. Цэргийн алба хаагчдын цалин хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр Байлдааны жижүүрлэлтийн, аймгийн төвд байрлалтай анги, салбаруудын алба хаагчдад алслагдсан анги, салбарын нэмэгдэл цалинг олгуулах зэрэг хэд хэдэн эрх зүйн баримт бичгийг боловсруулсан нь Батлан хамгаалахын сайдын болон ЗХЖШ-ын даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэж, улмаар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэгдсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн шийдвэрээр 2023 оныг “Залуу офицеруудын манлайллын жил” болгон зарласантай холбогдуулан Агаарын цэргийн залуу офицеруудын чуулга уулзалт, ахмад дунд залуу үеийн туршлага, санал солилцох уулзалт, залуу офицер, ахлагч нарын гэр бүлийг анги, салбаруудын зэвсэглэл техник, үүрэг гүйцэтгэх нөхцөл байдалтай танилцуулсан нь чухал арга хэмжээ болсон.

     Цаашид ямар ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна?

-Цэргийн алба хаагчдын тайван цагийн үндсэн хөдөлмөр бол цэргийн сургалт, бэлтгэл байдаг шүү дээ. Тайван цагт хөлс их гарвал байлдааны цагт цус бага гарна хэмээх суут жанжны хэлсэн үг бий. Гэвч өнөөдөр зөвхөн Агаарын цэргийн төдийгүй Зэвсэгт хүчний бусад төрлийн цэргийн хэмжээнд цэргийн сургалт, бэлтгэл төдийлөн сайн явагдахгүй, агуулга бус хэлбэр төдий болсон мэт санагддаг.Энэ нь анги, салбаруудын бүтэц орон тооны гажуудалтай холбоотой. Тухайлбал, цэргийн сургалтыг анги, салбарт салаа, салбарын захирагч нар явуулах ёстой. Тэд цэргийн сургалтыг гардан зохион байгуулснаараа цэргийн алба хаагчдаа сайн судалж, цаашлаад өөрийгөө тогтмол хөгжүүлэх боломжтой. Өнөөгийн бүтэц орон тоонд олон төрлийн сургалт эрхэлсэн албан тушаалтнууд, тусгай бэлтгэлийн багш зэрэг орон тоо байгаа нь салаа, салбарын захирагч нарыг үндсэн үүргээс нь хөндийрүүлж, тэдний хөгжих боломжийг боомилж байна. Ингэснээр залуу офицерууд мэргэжлээрээ хөгжихгүй байгаа хандлага ажиглагддаг. Мэргэжлийн армийн ноён нуруу болсон залуу офицер, ахлагч нарыг хөгжүүлэхгүйгээр бид ирээдүйн хөгжил цэцэглэлтийн талаар ярих боломжгүй. Иймд анги, салбаруудын бүтэц орон тоонд дорвитой өөрчлөлт хийж дээрх алдаа дутагдлыг засах чиглэлээр ажиллаж байна.

Мөн офицер, ахлагч нараа мэргэшлийн зэрэгтэй болгох ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Эзэмшсэн мэргэжлээр нь зэрэг олгож, цалингийн нэмэгдэлтэй болговол өөрсдийн мэргэжлээрээ хөгжих үүд хаалга нээгдэх учиртай. Өнөөдөр залуу офицер, ахлагч нарын цалинг нэмэгдүүлэх гол хөшүүрэг нь цэргийн цол дэвших явдал. Хэрэв мэргэшлийн зэрэгтэй болгочихвол цэргийн цолоо ахиулахын төлөө биш мэргэжлээ ахиулах марафон бий болно шүү дээ. Энэ чиглэлээр журам боловсруулж командлагчийн зөвлөлийн хурлаар болон ЗХЖШ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Эцэст нь хэлэхэд Зэвсэгт хүчний Агаарын цэрэгт энхийг сахиулах ажиллагаанд оролцох бүрэн боломж бий. Өөрөөр хэлбэл, гадаадын улс орнуудтай хамтран агаарын тээврийн онгоц, нисдэг тэргүүдийг энхийг дэмжих ажиллагаанд агаарын тээвэрлэлтийн чиглэлээр оролцуулах талаар гадаадын зарим орнуудтай санал солилцож шийдэлд хүрэх ажлуудыг төлөвлөж байна.

     Ярилцсанд баярлалаа.

Дэслэгч Т.ИДЭР

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 593
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56023
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51996
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50116
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49115
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48947
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48656