Батлан хамгаалах сайдын дэргэдэх иргэний зөвлөлөөс урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх, алба хаагчдын харилцаа хандлага, ёс зүйн төлөвшилд дэмжлэг үзүүлэх сургалт шат дараатайгаар зохион байгуулагдаж байгаа. Энэхүү сургалтад Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлал, Зэвсэгт хүчний 303 дугаар анги танхимаар, бусад харъяа анги, салбарууд цахимаар бүрэн хамрагдлаа.
Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагчийн Ажлын алба, иргэний зөвлөлийн гишүүд төлөвлөгөөт сургалтаар “Монгол эр хүний харилцаа, хандлага”, “Зэвсэгт хүчний удирдах албан тушаалтнуудын ёс суртахууны асуудал”, “Хувь хүний хөгжил, удирдлагын манлайлал”, “Эрүүл байхын үндэс, урьдчилан сэргийлэлт”, “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвийн хүрээнд мэдээлэл хийсэн юм.
Иргэний зөвлөлийн гишүүн Шинжлэх ухааны доктор, Профессор, Гавъяат, Ардын багш, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав “Орчин үеийн дайны хэлбэр өөрчлөгдсөн байгааг зарим улс орнуудын жишээнээс та бид харж байна. Иймээс Зэвсэгт хүчний Агаарын цэрэг бол яахын аргагүй зайлшгүй түрүүнд хөгжих, түрүүлж алхах ёстой салбар мөн” гэж хэлээд ажлын өндөр амжилт хүссэн бол Төрийн соёрхолт, хүний их гавъяат эмч, бэлтгэл хурандаа Л.Жамбалжав сургалтын хүрээнд нийт бие бүрэлдэхүүнд хандан “Эрүүл биетэй, саруул ухаантай байх нь хамгийн чухал” гэдгийг цохон хэлсэн юм.
Дотоод хэргийн их сургуулийн багш, цагдаагийн хошууч Т.Анхбаяр “Автомашин жолоодно гэдэг бол асар өндөр хариуцлага. Мэдрэлийн болоод биеийн эрүүл мэндтэй жолоодох ур чадвар шууд хамааралтай байдаг. Иймд замын хөдөлгөөнд хариуцлагатайгаар, ухамсартайгаар оролцоцгооё” хэмээн уриалж тус сургалт өндөрлөлөө.
Ахмад Л.САРАНЗАЯА