Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалд ажиллалаа.
Буянт-Ухаа олон улсын нисэх буудлын байрлалд Батлан хамгаалахын сайдыг Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалд хүрэлцэн ирэхэд Улаанбаатар цэргийн хүрээний хүндэт харуул угтаж Агаарын цэргийн командлагч хурандаа Т.Ганбат угтан авч илтгэл өглөө.
Тэрээр Агаарын цэргийн командлал шинэ байрлалд нүүн ирсэнтэй холбогдуулан алба хаагчдын ажиллах орчин нөхцөл болоод өдөр тутмын үйл ажиллагаа, өнөөгийн байдал, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын санал, гадаад хамтын ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, хөрөнгө оруулалтаар хийгдсэн томоохон ажлуудыг танилцуулж, тулгамдаж буй асуудлуудыг уламжиллаа.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Агаарын цэргийн командлал бие даасан байдалтай, дэлхийн жишигт хүрсэн дээд удирдах байгууллага болох нь бидний мөрөөдөл. Энэ ч утгаараа бүтэц зохион байгуулалтаас эхлээд нэлээдгүй ажил төлөвлөж хийсэн. Та бүхний төлөвлөсөн, ярьсан хэлснийг би бодлогын төвшинд төр засгийн удирдлагад хүргэх чиглэлд анхаарч ажиллана. Монгол Улсын агаарын хил, агаарын хяналт та бүхний гарт байгаа. Агаарын цэргийн мэргэжлээр гадаадын цэргийн академи, их дээд сургуульд суралцагчдыг тасралтгүй суралцуулж, залгамж халаагаа бэлтгэн сайдыг бодит мэдээллээр хангаж ажиллах талаар агаарын цэргийн мэргэжилтнүүдэд үүрэг өгсөн юм.
Ахмад Л.САРАНЗАЯА