Нисэх хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн өдөр Агаарын цэргийн командлалын удирдлага, бие бүрэлдэхүүн тус командлалаас бэлтгэл, чөлөөндөө гарсан ахмадууддаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Агаарын цэргийн командлал шинэ байрлалд шилжин байрласантай холбогдуулан хурандаа Т.Ганбат командлалын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар үе үеийн ахмадуудад илтгэж санал бодлыг сонслоо.
ЗХЖШ-аас 2023 оныг “Залуу офицеруудын манлайлал”-ын жил болгосонтой холбогдуулан Агаарын цэргийн командлалын залуу офицеруудын санаачилгаар Нисэхийн мэргэжлийн бэлтгэл хурандаа Ч.Даваасамбуу, Радиотехникийн мэргэжлийн бэлтгэл хурандаа Х.Чойжамц, Зенит пуужингийн мэргэжлийн бэлтгэл дэд хурандаа С.Чулуунбат нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ энэ үеэр зохион байгуулагдлаа.
Агаарын цэргийн штабын дарга Бригадын генерал Б.Эрдэнэбатын үг, ЦДБЭЧ-ын Ардын найрал хөгжмийн албаны дарга О.Эрдэнэцогийн аялгуу “Агаарын цэрэг” дуугаар арга хэмжээний хаалтыг хийсэн нь хүрэлцэн ирсэн зочдын сэтгэлийг ихээр хөдөлгөсөн юм.
Хүндэтгэлийн арга хэмжээнээс сэтгэл өндөр буцсан үе үеийн ахмадууд маань бие дааж шинэ байрлалд нүүн ирсэнд онцгой баяр хүргэн Монгол Улсын агаарын хил халдашгүй дархан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүллээ.
Ахмад Л.САРАНЗАЯА