Агаарын цэргийн командлалын бүрэлдэхүүн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан алба хаагчдынхаа хүүхдүүдтэй соёл урлаг, биеийн тамир, ур чадварын цогцолбор арга хэмжээг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн амжилттай зохион байгууллаа.
Тус ангийн Нисэх буудлын талбайд тоглоомын талбай дэлгэсэн нь хүүхдүүд шуугилдан тоглон цэнгэж, Пороро ба түүний найзуудын тоглолтыг шимтэн үзэж инээд цалгисан сайхан өдөрлөг болж өнгөрлөө. Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн Үлээвэр найрал хөгжим үйлчилж, удирдаач хошууч П.Бэхбат саксафон хөгжмөөр хүүхдүүдийн хамгийн сайн мэдэх “Baby shark” дуугаар эхлүүлсэн нь сонин содхон байлаа.
Хүрэлцэн ирсэн хүүхдүүдээ насаар ангилан дууны, уран уншлагын, буухиа болон эссэ бичлэгийн тэмцээнүүдийг зохион байгуулж явуулсан бол алба хаагчдын авьяаслаг хүүхдүүдийн урлагийн мэндчилгээ арга хэмжээг чимж, Төв командын байрны Байлдааны жижүүрлэлтийн офицер, хошууч Т.Батжаргалын охин Г.Аялгуугийн “Аавыгаа хайрлаж яваарай” шүлэг тэнд цугласан томчуудад нэгийг бодон хоёрыг тунгаасан бодролд автуулсан юм.
Цэргийн даргын хүүхэд ясны цэрэг байдаг бололтой. Зэвсэгт хүчний 353 дугаар ангийн Үлээвэр хөгжмийн салааны бүрэлдэхүүний маршийн аяз доор бяцхан гараа санчигтаа авч хөл тавин алхах хүүхдүүд Монголын минь ирээдүй өнгөлөг сайхныг илтгэхээс гадна тэд маань аав, ээжийнхээ хааж байгаа албаар бахархах, үнэ цэнийг нь ойлгох мэдрэмж төрж байгаа нь илт.
Хүүхэд бүхэн инээж, өрх бүхэн жаргалтай сайхан байг ээ.
Ахмад Л.САРАНЗАЯА