Зэвсэгт хүчний 303 дугаар анги 2022-2023 оны сургуулийн жилийн Сэтгэл зүйн хангалтын төлөвлөгөөний дагуу Иргэн-Цэргийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн 7 болон 114 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчдад эх оронч үзлийг таниулах, Зэвсэгт хүчин, Агаарын цэрэг, анги байгууллагынхаа үйл ажиллагааг сурталчилах зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийн хүрээнд сурагчдад Агаарын цэрэг, анги байгууллагынхаа үүрэг, зориулалт, ажил үүргийн онцлог, түүнчлэн онгоц, нисдэг тэрэгний засварын төвийн өдөр тутмын үйл ажиллагаа болон одоо ашиглагдаж буй онгоц, нисдэг тэрэгний танилцуулга, нисгэгч, инженер техникийн бүрэлдэхүүний үүрэг чиглэл, ажлын онцлогын талаар танилцуулсан юм. Үүний дараа сурагчдад өгсөн мэдлэг, мэдээллээ баталгаажуулж тэдний дунд “АХА” тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон сурагчдыг шагнаж урамшууллаа.
Тус өдөрлөг нь ахлах ангийн сурагчдад цаашид цэргийн хүн болох, нисэхийн мэргэжлээр сурч Зэвсэгт хүчний шинэ боловсон хүчин болж улс, эх орондоо тангараг өргөсөн алба хаагч болох хүсэл эрмэлзэл, сэдэл төрүүлсэн өндөр ач холбогдолтой арга хэмжээ болсон талаар сурагчид онцолж байсан юм.
Ахмад Г.БИЛГҮҮТЭЙ