Энэ оны 9 дүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын Залуу офицеруудын чуулганыг зохион байгуулна. Энэхүү чуулганыг угтаж Зэвсэгт хүчний Жанжин штабаас олон бүтээлч ажлыг нэг жилийн хугацаанд тусгай төлөвлөгөөний дагуу зохион байгуулж буй нь зохих үр дүнгээ өгч байгаа юм.
Тэдгээр ажлуудын дотор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын шилдэг офицер шалгаруулах тэмцээн нь онцгой байр суурийг эзлэх ба уг тэмцээнийг энэ сарын сүүлийн долоо хоногт өргөн хүрээнд зохион байгуулахаар тэмцээний удирдамж гарч, байгууллага бүр шилдгүүдээ тодруулсаар байна.
Дээрх тэмцээнд оролцох шилдэг офицерыг тодруулах зорилгоор ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон бүрэлдэхүүн 8 дугаар сарын 14-15-ны өдөр Зэвсэгт хүчний шилдэг офицер шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байгаа юм. Уг тэмцээнд ЗХЖШ, төрлийн цэргийн командлал, Барилга-инженерийн цэргийн удирдах газраас шалгарсан тус бүр 5 эрэгтэй, 3 эмэгтэй шилдэг залуу офицерууд оролцож байна.
Тэмцээний удирдамжийн дагуу өнөөдөр эдгээр шилдэг офицерууд Сэтгэл хөдлөлийн оюун ухаан (EQ), Эсээ бичлэг, Цэргийн дүрмийн онол, Гадаад хэлний мэдлэг, Жагсаалын бэлтгэл, Илтгэх ур чадварын уралдаанаар өрсөлдөж байгаа юм.
Энэхүү тэмцээн маргааш буудлага, бие бялдрын бэлтгэлжилт, багаар ажиллах чадварын тэмцээнээр үргэлжилнэ.
Хурандаа Б.ОТГОНБАЯР