• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ҮНДЭСНИЙ ДАРХЛАА, ӨВ ТЭЭГЧ АХЛАГЧ
Нийтэлсэн: 2023-08-25 12:15:02
Үзсэн: 948

ҮНДЭСНИЙ ДАРХЛАА, ӨВ ТЭЭГЧ АХЛАГЧ
Нийтэлсэн: 2023-08-25 12:15:02 Үзсэн: 948



     Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 253 дугаар тусгай ротын байлдааны хангалтын нярав, ахлагч Б.Балжиннямыг энэ удаа онцолж ярилцсан юм.

     Амрыг эрье. Говь сайхан нутгаар намаржаа тавлаг уу? Өөрийгөө уншигч олонд маань танилцуулахгүй юу?

     Б.Б: Амрыг эрье. Манай нутгаар намаржаа налгар сайхан байна аа. Намайг Батбаярын Балжинням гэдэг. Би 1997 онд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн. 2015 онд Батлан хамгаалахын их сургуулийн дэргэдэх Ахлагчийн сургуулийг Радиолокацын станцын “Оператор, планшетчин” мэргэжилээр төгсөж ажлын гараагаа  Зэвсэгт Хүчний 065 дугаар ангийн 281 дүгээр байгууламжаас эхлээд одоо төрөлх нутагтаа эхнэр, хүүгийн хамт ажиллаж, амьдарч байна.

     Эх орны тухай таны бодол? Та эх оронч хүн мөн үү?

     Б.Б: Эх орны тухай хүн бүр өөр, өөрийн өнцгөөр харж, бодож, сэтгэж өөр, өөрөөр хэлдэг. Би хувьдаа төрүүлж өсгөсөн ижий, аав, амьдарлын урт аялалд хамт алхаж байгаа хань, үргэлжлэл болсон үр минь мөн халдашгүй дархан байх газрын болон агаарын хил доторх нутаг минь юмуу даа. Би эх оронч байхыг эрмэлздэг. Энэ эрмэлзлэлээ үндэсний спортоор хичээллэж, өв тээгч байхыг зорьсон зүтгэл маань багахан ч болов илэрхийлэх болов уу гэж боддог. Бас эх орныхоо төлөө өргөсөн тангараг минь, Монгол Улсын агаарын хил тайван буй нь цэнхэр тэнгэрийн харуулчин миний хэр эх оронч иргэн бэ гэдгийг тодорхойлох байх аа...

     Үндэсний спортоор хичээллэдэг гэж хэлж байна. Яг ямар төрлөөр хичээллэдэг бэ? Мөн гаргасан амжилтаасаа бидэнд хуваалцахгүй юу?

     Б.Б: 2017 оноос үндэсний шагайн харваагаар хичээллэж эхэлсэн. Шагайн харваа бол хүнийг тогтвортой суулгадаг, их тэвчээр шаардсан сэтгэл зүйн спорт юм.  Би энэ спортоор хичээллэж эхэлснээсээ хойш 2017 онд Дорноговь аймгийн айраг сумын нэрэмжит үндэсний шагай харвааны тэмцээний 3 дугаар байр, 2020 онд Дорноговь аймгийн айраг сумын нэрэмжит үндэсний шагай харвааны “Болорын тойром” тэмцээний хувийн цуваа харвааны тэргүүн байр, 2022 онд Дорноговь аймгийн шинийн 8-ны  үндэсний шагай харвааны тэмцээнд 2 дугаар байр, Дорноговь аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 3 дугаар байр эзэлж Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний эрх авч Монгол Улсын аварга шалгаруулах үндэсний шагайн харвааны тэмцээнд багаараа 3 дугаар байр эзэлж “МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН” цол хүртсэн. Мөн ондоо Дорноговь аймгийн Хөвсгөл сумын үндэсний баяр наадмын шагай харвааны тэмцээний тэргүүн байр, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын шагай харвааны тэмцээний тэргүүн байр, Дорноговь аймгийн аварга шалгаруулах “Отго” харвааны 2 дугаар байр. 2023 онд Говьсүмбэр аймгийн аварга шалгаруулах шагай харвааны тэмцээний тэргүүн байр, Хэнтий аймгийн Гал шар сумын 100 жилийн ойн баяр наадмын шагай харвааны тэмцээний тэргүүн байр, Дорноговь аймгаас төрөн гарсан Улс аймгийн цолтой харваачдын шагай харвааны тэмцээний тэргүүн байр, Дорноговь аймгийн аварга шалгаруулах хувийн цуваа харвааны тэмцээний 3 дугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлээд байна. Энэ сард “МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН” цолны мялаалга наадмаа хийсэн. Цолны мялаалганд тусгай ротын хамт олон болон сум орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлсэн нь надад их сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Би чинь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харъяат, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн 253 дугаар тусгай ротын, шагайн харваач “МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН” Батбаярын Балжинням гэж цоллуулдаг боллоо шүү дээ. Төрөлх нутаг, тангараг өргөсөн алба, төрүүлсэн аав гурваараа овголж өөрийн нэрээ дуудуулах огшмоор сайхан юм байна лээ.

     Тийм ээ. Яахын аргагүй бахархам сонсогдож байна. Та үндэсний спортоо хэр сурталчилж, бусдад зааж сургаж байна вэ?

     Б.Б: Мэдээж илүү олон хүн хичээллээсэй, суралцаасай гэж боддог. Би 2018 онд НҮБ-ын мандаттай Бүгд найрамдах Өмнөд Судан улс дахь энхийг дэмжих ажиллагааны Монгол улсын мотобуудлагын батальоны 8 дугаар ээлжинд буудагчаар үүрэг гүйцэтгэсэн. Ингэхдээ цэргийн багаас зохион байгуулсан сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээний тэргүүн байр, Зэвсэгт хүчний 336 дугаар анги сурталчилах шагайн харвааны тэмцээний тэргүүн байр, мөн цэргийн багаас зохион байгуулсан үндэсний баяр наадмын шагайн харвааны тэмцээний 3 дугаар байрын шагнал хүртэж байсан. Тухайн газар орон дээр байсан гадны улс орнуудын цэргүүд гэлтгүй манай цэргүүд ч маш их сонирхож байсан. Би цэргийн багынхаа 50 гаруй цэргийн алба хаагчдад шагайн харваа зааж өгсөн.

      Ярилцсанд баярлалаа. Үндэсний дархлаа, өв тээгч болсон Агаарын хилчин танд ажлын амжилт хүсэн, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

     Б.Б: Баярлалаа. Эх орноо хайрлан, хамгаалахаас, өв соёлоо дээдэлж, уламжлалаа даган сурч мэдэх, түгээн дэлгэрүүлэхээс эх орон ч үзэл эхэлнэ гэж би боддог. Тиймээс Зэвсэгт хүчний нийт алба хаагчдаа үндэсний шагайн спортыг сонирхоод үзээрэй, цаашлаад хичээллээрэй гэж уриалмаар байна. Бид эх орныхоо, өв соёлынхоо түүчээ юм шүү дээ.

Ярилцсан: хошууч Л.САРАНЗАЯА

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56015
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51987
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50107
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49106
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48939
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48648