Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын билгэ тэмдэг нь Төрийн далбаа билээ. Төрийн далбаа нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл мөн.
Нэгэн хугацаат албаны байлдагчийн хэлсэн үг огтоос санаанаас гардаггүй юм. Тэр “Цэргийн алба бидэнд хариуцлагатайгаар 365 хоног төрийн далбаагаа өглөөд мандуулж, оройд буулгах боломж олгосон. Төрийн далбаагаа мандуулахдаа бид дотроо сайн сайхныг бодож, сүсэглэдэг болчихсон байсан. Харин оройд буулгахад сэтгэл дундуур болчихдог нь сонин.” гэж хэлж байж билээ.
Мөнх тэнгэрийн дор Монгол Улсын төрийн далбаа мандаж байхад туурга тусгаар, энх тайван, эрх чөлөөт улсын иргэн бүхний сэтгэл амар байх биз ээ. Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, ахмад дайчдын байгуулсан баатарлаг гавьяа, Монгол цэргийн ялалт, тэмцлийн түүхийн явцад ч Монгол хүн Төрийн далбаагаа гудайлгасан түүх үгүй.
Монгол Улсын агаарын хил, агаарын орон зайд хяналт үйлдэн байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэдэг манай хамт олон тэртээ 1964 оноос өдгөөг хүртэл мөнх хөх тэнгэртээ алтан соёмбот төрийн далбаагаа мандуулсаар ирсэн. Агаарын хилчид Төрийн далбаагаа хэзээ ч буулгадаггүй билээ.
Хошууч Л.САРАНЗАЯА