• ЭХЛЭЛ
  • ЗХЖШ
  • ХЗЦК
  • АЦК
  • ТХЦК
  • КАБЦК
  • БИЦУГ

ХАЛХ ГОЛЫН БАЙЛДААНД ОРОЛЦСОН ЦЭРЭГ, ТЕХНИКИЙН ТУХАЙ
Нийтэлсэн: 2023-08-31 09:53:36
Үзсэн: 180

ХАЛХ ГОЛЫН БАЙЛДААНД ОРОЛЦСОН ЦЭРЭГ, ТЕХНИКИЙН ТУХАЙ
Нийтэлсэн: 2023-08-31 09:53:36 Үзсэн: 180



     Эрх зүйч мэргэжилтэй. Шүүх яам (одоогийн Хууль зүй, дотоод хэргийн яам)-ны Хууль боловсруулах, системчлэх хэлтсийн мэргэжилтнээс хөдөлмөрийн гараагаа эхлэн улмаар Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга, Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Л.Хангайгийн “Тойм” сэтгүүлийн 2014 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №33 дугаарт нийтэлсэн нийтлэлээс хэсэгчлэн хүргэж байна.

     Жил бүрийн 5 дугаар сард Дэлхийн II дайн дууссаны ойг тэмдэглэдэг. 5 дугаар сард бас манай улсын түүхтэй холбоотой нэгэн чухал үйл явдал эхэлсэн байдаг. Энэ бол Халх голын байлдаан. 1939 оны 5 дугаар сарын 8-ны шөнө Японы салаа цэрэг манай хилчидтэй тулгарч 3 цэргээ алуулж, 1 цэрэг олзлогдсон юм. 11-ны өдөр 300 морьт цэрэг БНМАУ-ын хилээр 15 километрийн гүнд нэвтрэн орж манай 7 дугаар заставын байрлал руу халдсан боловч нэмэлт хүч ирж тэднийг хөөн гаргасан нь Халх голын байлдааны эхлэл болсон гэж үздэг юм билээ. Эрдэмтэн судлаач Р.Болд энэ байлдааны талаар маш дэлгэрэнгүй “Зарлаагүй дайн” гэдэг томоохон бүтээл гаргасан. Миний бие уг ном гарахын өмнөхөн буюу Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тохиолдуулж “Халх голын байлдаанд оролцсон цэрэг, техникийн тухай” гэсэн нийтлэл нэгэн сэтгүүлд бичиж байсан юм. Сонин байж магадгүй хэмээн түүнийгээ дахин нийтлүүлж байна.

     Монголын Ардын Хувьсгалт Цэрэг 1939 он гэхэд 4 морьт дивиз, хуягт бригад болон тээврийн, саперын, нисэх хүчний ангиудаас бүрдэж байсан байна.

     1931 онд ЗХУ-ын Засгийн газар манайд Р-5 маркийн 3 нисэх онгоц бэлэглэснээр манай цэргийн нисэх хүчин байгуулагдсан гэж үздэг. Зүүн хязгаарт үе үе зэвсэгт мөргөлдөөн гарах болсонтой холбогдуулж Р-5 болон У-2 онгоц бүхий Монголын Ардын Армийн нисэх эскадрилийг 1936 оны 1 дүгээр сард Улаанбаатараас Тамсагбулагийн хээрийн аэродром руу шилжүүлэн нүүлгэсэн байна. Тус аэродром руу Монголд байрлаж байсан Зөвлөлтийн зарим нисэх ангиуд ч бас шилжин байрлажээ. Мөн оны хавар улсын хилийг зөрчсөн японы цэргүүдийг устгахад Монголын нисэгчид идэвхтэй оролцсон байдаг. Тухайлбал 3 дугаар сарын 31-нд дэслэгч Шагдарсүрэнгийн даргалсан нисэх отрядын нисэгч Дэмбэрэл, буудагч Дорж экипажтай “5” гэсэн дугаартай Р-5 онгоц японы 28 хүнтэй ачааны машиныг устгаж, 1 онгоц сөнөөж, 1 онгоц гэмтээсэн боловч харамсалтай нь нисэх отряд 2 онгоцоо алджээ.

      1938 оны сүүл гэхэд Монголын нисэх хүчин Р-5 болон Р-5Ш маркийн 39 онгоцтой, 27 монгол нисэгчтэй байсан байна. Халхын голын байлдаан эхлэхэд Японы талаас орчин үеийн сөнөөгч онгоцуудыг олноор хэрэглэх болсноор Монголын нисэх хүчний зэвсэглэлд байсан онгоцуудыг зөвхөн шөнийн бөмбөгдөлтөд ашиглах болсон байна.

     Зөвлөлтийн цэрэг. 1936 оны 3 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Монгол-Зөвлөлтийн харилцан туслалцах протоколын дагуу мөн оны зунаас Монголд зөвлөлтийн цэрэг орж иржээ. 1937 оны 9 дүгээр сараас Монголд байрлах зөвлөлтийн цэргийн анги, нэгтгэлүүдийг нэгдсэн удирдлагаар хангахын тулд 57 дугаар онцгой корпус болгож зохион байгуулсан байна. Нисэх хүчний хувьд гэвэл 57 дугаар корпус нь байлдааны идэвхтэй үйл ажиллагаа эхлэхээс өмнө буюу 1939 оны 5 дугаар сарын байдлаар И-16 сөнөөгч онгоц 24, И-15 сөнөөгч онгоц 14, СБ бөмбөгдөгч онгоц 29, Р-5 бөмбөгдөгч онгоц 15-тай байжээ. Янз бүрийн учир шалтгааны улмаас нисэх бүрэлдэхүүний бэлтгэл нэн тааруу байсан тул эхний үедээ зөвлөлтийн нисэгчид ихээхэн хохирол амсчээ. Гэвч байлдааны төгсгөлрүү техник ч шинэчлэгдэж, сайтар бэлтгэгдсэн нисэгчид ч олноор ирэх болсон тул байдал эрс өөрчлөгдсөн байдаг. 08 дугаар сарын 20-ны байдлаар Армийн 1 дүгээр групп И-16 сөнөөгч онгоц 223, И-15 сөнөөгч онгоц 21, И-153 сөнөөгч онгоц 67, түүнчлэн СБ бөмбөгдөгч онгоц 181-тэй байсан байна. Үүн дээр Р-5, У-2 онгоцуудыг нэмээд нийт онгоцны тоо 585 байжээ. Халх голын байлдааны явцад зөвлөлтийн тал 249 онгоцоо алдсан гэсэн тоо байдаг.

     Квантуны арми (Манжуурт байрлаж байсан японы цэргийн бүлэглэлийг ийн нэрлэж байжээ). Халх голын байлдаанд японы талаас Квантуны армийн 7, 2 дугаар дивизийн анги, нэгтгэлүүд голлон оролцжээ. Байлдааны эхэн үед Японы И-97 (КI.27 ч гэж бас бичдэг) сөнөөгч онгоц агаарт ноёлж байсан бол сүүлдээ зөвлөлтийн И-16, И-153 загварын шинэ онгоцууд ирж тэдэнтэй ан мана үздэг болжээ. Шийдвэрлэх тулалдааны өмнө японы тал 400 гаруй онгоцтой байжээ. Байлдааны явцад Японы тал 382 онгоцоо алдсан байна.

Эх сурвалж: “Тойм” сэтгүүл, 2014-08-25, №33

Холбоотой мэдээ
  АГААРЫН ЦЭРГИЙНХЭН БУСДАД ХАЙР ТҮГЭЭСЭЭР...
Нийтэлсэн: 2025-02-25 10:27:56 Үзсэн: 590
ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВЖ, ХАВРЫН САРТАЙ ЗОЛГОЛОО
Нийтэлсэн: 2025-02-25 08:57:02 Үзсэн: 56015
СОЁЛЫН ӨВ, БИДНИЙ ТҮҮХ
Нийтэлсэн: 2024-11-30 10:35:07 Үзсэн: 51987
АМЖИЛТЫН БУУХИА ҮРГЭЛЖИЛСЭЭР
Нийтэлсэн: 2024-11-30 10:25:20 Үзсэн: 50107
ЗАЛУУ ТЕЛЕГРАФЧИН-2024
Нийтэлсэн: 2024-11-29 10:33:35 Үзсэн: 49106
ЗААХ АРГА ЗҮЙН ЦУГЛАРАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Нийтэлсэн: 2024-11-01 15:22:25 Үзсэн: 48939
ЭХ ТҮҮХЭЭРЭЭ АЯЛАХУЙ
Нийтэлсэн: 2024-11-01 15:16:45 Үзсэн: 48648