Монгол орон даяар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт эрчимтэй явагдаж улсын хэмжээнд 391 нуур, 344 гол горхи, 760 булаг шанд ширгэсэн гэх тоо баримт байдаг. Газар нутгийн 75 орчим хувь нь хөрсний доройтол, цөлжилтөнд өртөөд байгаа бол дэлхийн 40-41 хувь нь цөлжилтийн байдалтай байна.
Жил бүр улс даяараа мод тариалах аян өрнүүлж, түүний хүрээнд маш олон мод таригдаж, үрсэлгээ хийгддэг. Үндэсний томоохон хөтөлбөрүүд хэрэгжиж хүн ам, аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхитэй хамрагдаж байгаагийн нэг нь Зэвсэгт хүчин билээ.
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн харьяа говийн аймгуудад байрлах тусгай салбарууд тухайн орон нутагтаа байрлан агаарын хяналт үйлдэж эхэлсэн он жилүүдийн явцад цөлжилтийн эсрэг идэвхитэй ажилласаар ирсэн. Тэдний өөрсдийн ажиллах орчны болон алба хаагчдын амьдрах орчин, нөхцөлийг дээшлүүлэх зорилго тавин эхлүүлж байсан моджуулах ажил нь ийнхүү цөлжилтийн эсрэг томоохон ажил болон хүрээгээ тэлжээ.
Торох зүйл үгүй шаргал говийн баянбүрд гэлтэй ногоорон харагдах орчныг Зэвсэгт хүчний тусгай салбарууд бүрдүүлж чадаж байгаа нь эх орныхоо төлөө оруулж буй томоохон хувь нэмэр яахын аргагүй мөн юм. Мод тарих, үрслүүлэхийн хамгийн чухал нь тариад, суулгаад орхих биш хамгийн багадаа гурав цаашлаад таван жилийн тасралтгүй усалгаа, арчилгааг хийх үйл явц юм.
Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн нийт бие бүрэлдэхүүний намрын мод тариалалт удахгүй эхлэх гэж байна. Тэд “Бид цөлжилтийг зогсоож чадна” хэмээн уриалга гарган уншигч та бүхнийг мэргэжлийн байгууллага, мэргэжилтний зааварчилгааны дагуу мод тарих, үрслүүлэхийг зөвлөж байна.
Хошууч Л.САРАНЗАЯА